1ЭЗЭН Мосетэй Синаи уулан дээр ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн угийн бичиг энэ байна. 2Аароны хөвгүүдийн нэрс нь ууган хүү Надаб, Абиху, Елеазар, Итамар нар юм. 3Эдгээр нь тахилч нар болгон үйлчлүүлэхээр түүний сахил хүртээсэн, тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой. 4Гэвч Надаб, Абиху нар Синаин цөлд ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөхдөө ЭЗЭНий өмнө үхсэн билээ. Тэд үр хүүхэдгүй байв. Тиймээс Елеазар, Итамар нар өөрсдийн эцэг Аароны өмнө тахилчаар үйлчилжээ.
5ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
6-Леви овгийг ойртуулан, тэднийг тахилч Ааронд үйлчлүүлэхээр түүний өмнө байлга. 7Тэд асрын үйлчлэлийг хийхийн тулд хурлын майхны өмнө түүнд болон бүх чуулганд зориулагдсан үүргүүдийг биелүүлэх болно. 8Тэд бас асрын үйлчлэлийг хийхийн тулд Израилийн хөвгүүдийн үүргүүдийн хамт хурлын майхны бүх хэрэгслийг сахих болой. 9Ингээд чи Аарон болон түүний хөвгүүдэд левичүүдийг өгөх ёстой. Тэд Израилийн хөвгүүдийн дундаас бүхлээрээ түүнд өгөгдсөн ажгуу. 10Тиймээс чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн үүргийг гүйцэтгүүл. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэв.
11ЭЗЭН дахин Мосетэй ярин, айлдахдаа
12-Одоо харагтун. Израилийн хөвгүүдийн дунд умайг нээгч ууган бүрийн оронд Би Израилийн хөвгүүдийн дундаас левичүүдийг авав. Тиймээс левичүүд нь Минийх байх болно. 13Учир нь бүх ууган төрөгсөд Минийх. Египетийн нутагт Би бүх ууган төрөгсдийг цохин устгасан тэр өдөр, хүнээс авахуулаад адгуус мал хүртэлх Израилийн бүх ууган төрөгсдийг Би Өөртөө ариусгасан. Тэд Минийх байх болно. Би бол ЭЗЭН мөн гэв.
14Тэгээд Синаин цөлд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа
15-Левийн хөвгүүдийг эцгүүдийнх нь бүлүүдээр, ургуудаар нь тоологтун. Нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүрийг чи тоол гэв. 16Тиймээс өөрт нь тушаасан ёсоор, ЭЗЭНий үгийн дагуу Мосе тэднийг тоолов. 17Левийн хөвгүүд нь нэрсийнхээ дагуу Гершон, Кохат, Мерари нар юм. 18Ургуудынхаа дагуу Гершоны хөвгүүдийн нэрс нь Либни, Шимеи бөгөөд 19ургуудын дагуу Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд 20ургуудынхаа дагуу Мерарийн хөвгүүд нь Махли, Муши нар байв. Эдгээр нь өөрсдийн эцгүүдийн бүлүүдийн дагуух левичүүдийн ургууд байлаа.
21Гершоноос либничүүдийн ураг, шимеичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь гершончуудын ургууд болой. 22Тэдний тоологдсон эрчүүд буюу нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон эр хүйстэй хүмүүсийн тоо нь долоон мянга таван зуу байв. 23Гершончуудын ургууд асрын ард баруун талд нь буудаллах ёстой байлаа. 24Гершончуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Лаелын хүү Елиасаф байв. 25Хурлын майхан дахь Гершоны хөвгүүдийн үүрэгт асар ба майхан, түүний бүтээлэг ба хурлын майхны үүдний дэлгэц, 26асар, тахилын ширээг тойрсон хашааны хөшигнүүд болон хашааны үүдний дэлгэц, эдгээрийн оосрууд ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа.
27Кохатаас амрамчуудын ураг, шимеичүүдийн ураг, хебрончуудын ураг, уззиелчүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь кохатчуудын ургууд болой. 28Ариун газрын үүргийг гүйцэтгэгч, нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй хүн бүрийн тоо нь найман мянга зургаан зуу байв. 29Кохатын хөвгүүдийн ургууд нь асрын өмнө талд буудаллах ёстой байлаа. 30Кохатчуудын ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Уззиелийн хүү Елизафан байлаа. 31Тэдний үүрэгт авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээ болон өөрсдийнх нь хэрэглэдэг ариун газрын хэрэгсэл, дэлгэц ба тэдгээрийн талаарх бүх үйлчлэлүүд багтаж байлаа. 32Тахилч Аароны хүү Елеазар нь Левийн удирдагчдын тэргүүн нь байсан бөгөөд ариун газрын үүргийг гүйцэтгэгчдийг хянадаг байлаа.
33Мерариас махличуудын ураг, мушичүүдийн ураг гарчээ. Тэдгээр нь Мерарийн ургууд болой. 34Тэдний нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх эр хүйстний тоо нь зургаан мянга хоёр зуу байв. 35Мерарийн ургуудын эцгүүдийн бүлүүдийн удирдагч нь Абихаилын хүү Зуриел байв. Тэд асрын хойд талд буудаллах ёстой байлаа. 36Мерарийн хөвгүүдийн томилогдсон үүрэгт асрын яс мод, түүний хөндлөвч модод, багананууд, углуурууд, бүх хэрэгслүүд болон тэдгээрт хамаарах үйлчлэл, 37хашааг тойрсон багананууд, углууруудын хамт тэдгээрийн гадас ба оосрууд багтаж байлаа.
38Зүүн талд асрын урд наран мандах зүгт хурлын майхны урд Мосе, Аарон ба түүний хөвгүүд Израилийн хөвгүүдийн хариуцлагын төлөө ариун газрын үүргийг гүйцэтгэн буудаллах ёстой байлаа. Харин ойртож очсон гадны хүн үхэх ёстой байв. 39ЭЗЭНий үгээр Мосе, Аарон нарын тоолсон нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэн бүр, ургуудаар тоологдсон левичүүдийн бүх эрчүүд нь хорин хоёр мянга байлаа.
40Тэгээд ЭЗЭН Мосед айлдан
-Израилийн хөвгүүдийн нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй ууган бүрийг тоолж, тэдний нэрсийн тоог ав. 41Би бол ЭЗЭН мөн. Чи Миний төлөө Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийг, Израилийн хөвгүүдийн сүргийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийн сүргийг авагтун гэж айлдлаа. 42Тэгээд Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийг тоолжээ. 43Нэрсийн тоогоор нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх ууган эр хүйстэй эрчүүд нь хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.
44Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа
45-Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсөд болон левичүүдийн сүргийн оронд левичүүдийг авагтун. Левичүүд нь Минийх байх болно. Би бол ЭЗЭН. 46Левичүүдээс илүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд 47чи толгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера), 48тэдний дундах илүү гарагсдын золиос болох уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэв. 49Тийнхүү левичүүдээр золиослогдсон хүмүүсээс гадна илүү гарагсдаас золиосны мөнгийг Мосе авчээ. 50Израилийн хөвгүүдийн ууган төрөгсдөөс түүний авсан мөнгө нь ариун газрын шекелийн дагуу нэг мянга гурван зуун жаран тав байлаа. 51Ингээд Мосе уг золиосны мөнгийг ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор, ЭЗЭНий тушаалаар Аарон болон түүний хөвгүүдэд өгөв.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Тооллого [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]