1 Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.
2 ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөд
би сүрдэн эмээж байна.
ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,
энэ үед тэдгээрийг мэдүүлээч.
Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.
3 Бурхан Теманаас морилон ирж,
Ариун Нэгэн Паран уулаас заларна. Түүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин,
дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.
4 Түүний туяа нь нарны гэрэл мэт юм.
Түүний мутраас цацрагууд гялбадаг бөгөөд
Түүний хүч чадал нууцлагдсан.
5 Түүний өмнө тахал явж,
араас нь сүйрэл гамшиг дагадаг.
6 Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.
Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.
Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв.
Түүний замууд үүрдийнх юм.
7 Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,
Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа.
8 Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн нь
гол мөрнүүдэд уурссандаа,
эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү?
ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу?
9 Таны нум татагдаж,
цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн. Та дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав.
10 Уулс Таныг хараад доргин чичирч,
ширүүн аадар бороо хаман өнгөрлөө.
Газрын гүн дуу чимээгээ гаргаж,
гараа өндөрт өргөлөө.
11 Нар, сар байрандаа тогтов.
Таны сумны гэрэлд,
гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо.
12 Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж,
уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.
13 Өөрийн ард түмний аврал болон
тослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ.
Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин,
гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо.
14 Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан.
Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ.
Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.
15 Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр,
их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.
16 Намайг сонсоход, дотор минь дэлсэж,
чимээ шуугианд уруул минь чичирнэ.
Ялзрал ясанд минь нэвтэрч,
зогсож буй газартаа би салганан чичирнэ.
Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол,
гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой.
17 Хэдийгээр инжрийн мод цэцэглэлгүй,
усан үзмийн мод үр жимсгүй болж,
чидун модны ургац гарахгүй,
талбайд ямар ч хүнс ургахгүй байсан ч,
мөн хашаандаа хоньгүй,
саравчиндаа үхэргүй болсон ч,
18 би ЭЗЭНий дотор баясан хөөрч,
авралынхаа Бурхан дотор баярлана.
19 Эзэн БУРХАН бол миний хүч чадал.
Тэрээр миний хөлийг согооны хөл мэт болгож,
намайг өндөр газруудаар минь явуулсан билээ.
[Өмнөх] |                  | [Дараах] |