Иона [3]

1 ЭЗЭНий үг Ионад хоёр дахь удаагаа ирж,
2 -Босож, их хот Ниневе уруу очиж, Миний чамд айлдах гэж байгаа тунхгийг тунхагла гэжээ.
3 Ингээд Иона босож, ЭЗЭНий үгийн дагуу Ниневед очив. Ниневе бол гурван өдрийн турш алхаж туулахаар агуу их хот байв.
4 Тэгээд Иона нэг өдөржин тэр хотоор алхан явж, хашхиран,
-Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.
5 Тэгэхэд Ниневегийн ард түмэн Бурханд итгэжээ. Тэд мацаг барилтыг зарлаж, хамгийн томоос бага хүртлээ таар өмсөв.
6 Энэ үг Ниневегийн хаанд хүрэхэд тэрээр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суув.
7 Тэрээр тунхаг гаргаж,
-Ниневед хаан болон түүний ноёдын гаргасан зарлигийн дагуу хүн, амьтан, үхэр, хонь юу ч амсаж болохгүй. Тэд идэж, ус ууж болохгүй.
8 Харин хүн амьтан бүгдээрээ таар нөмрөх ёстой. Хүн бүр өөрийн бузар булай зам болон өөрийн гар дахь хүчирхийллээс эргэхийн тулд Бурханыг хичээнгүйлэн дуудаг.
9 Бурхан эргэж, зөөлрөн, биднийг устгахгүйгээр Өөрийн шатаж буй уур хилэнг татахыг хэн мэдэх билээ? гэв.
10 Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ.



[Өмнөх]                [Дараах]



Иона [1][2][3][4]