1 Иудагийн хаан, Амоны хүү Иосиагийн өдрүүдэд Хезекиагийн хүү, Амариагийн хүү, Гедалиагийн хүү, Кушийн хөвгүүн болох Зефаниад ирсэн ЭЗЭНий үг.
2 "Би газрын гадаргуунаас бүх зүйлийг бүрэн арчих болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
3 "Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.
Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,
балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно.
Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
4 "Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана.
Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.
5 Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг,
доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,
6 ЭЗЭНийг дагахаас эргэн больсон,
ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно".
7 Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай!
Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.
Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн,
Тэр Өөрийн зочдоо ариусгасан.
8 Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэд
Би хааны хөвгүүд болох жононгуудыг ба
өөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.
9 Сүмийн босгон дээр дэвхэцдэг бүх хүмүүсийг болон
эзнийхээ гэрийг хүчирхийлэл, худал хуурмагаар дүүргэдэг хүмүүсийг
Би тэр өдөр шийтгэх болно.
10 ЭЗЭН тунхаглаж байна.
"Тэр өдөр Загасны Дааман хаалганаас хашхирах дуу,
Хоёрдугаар Дүүргээс гашуудал, толгодоос чанга нижигнээн сонсогдох болно.
11 Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун.
Учир нь Канааны бүх хүмүүс чимээгүй болгогдоно.
Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно.
12 Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин,
сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно.
Тэд өөрсдийнхөө зүрхэнд "ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй" гэдэг.
13 Цаашилбал, тэдний баялаг нь олз болж,
тэдний байшингууд эзгүйрнэ.
Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй,
усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй".
14 ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.
Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна.
ЭЗЭНий өдөр, сонс!
Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.
15 Тэр өдөр бол хилэнгийн өдөр,
бэрхшээл, зовлонгийн өдөр,
эвдрэл, эзгүйрлийн өдөр,
хар, түнэр харанхуйн өдөр,
үүлс, өтгөн харанхуйн өдөр,
16 бүрээ, дайтах уухайны өдөр юм.
Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.
17 Би хүмүүст зовлонг авчирна.
Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно.
Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ.
Тэдний цус нь шороо мэт,
махан бие нь баас мэт асгагдах болно.
18 ЭЗЭНий хилэнгийн өдөр
тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно.
Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно.
Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг,
үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.
[Өмнөх] |                  | [Дараах] |