Колоссай [4]

1 Эзэд ээ, та нар бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.
2 Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.
3 Бас бидний төлөө залбирахдаа үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээн өгч, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.
4 Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг тодорхой болгоорой гэж залбирагтун.
5 Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.
6 Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.
7 Миний тухай бүх мэдээллийг Эзэний дотор бидний хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч боол Тухик та нарт мэдэгдэх болно.
8 Тэр та нарт бидний нөхцөл байдлыг мэдэгдэж, зүрхийг тань тайвшруулаг гэсэн яг энэ зорилгын төлөө би түүнийг та нар уруу илгээж байна.
9 Та нарын нэг болох итгэмжит, хайрт дүү Онесимыг түүний хамт явууллаа. Тэд эндхийн бүх л байдлыг та нарт мэдэгдэх болно.
10 Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаарх заавар авсан. Хэрэв тэр та нар уруу очвол хүлээж аваарай)
11 Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Зөвхөн энэ хүмүүс л хөвч хөндөх ёслолын хүмүүсээс Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан.
12 Та нарын нэг, Христ [Есүсийн] боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна.
13 Тэр та нарын төлөө болоод Лаодикт, Хиераполд байгаа хүмүүсийн төлөө маш их санаа тавьж байдаг гэж би түүнийг гэрчилж байна.
14 Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.
15 Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад, түүнчлэн тэр эмэгтэйн гэрт цугладаг чуулганд мэнд хүргээрэй.
16 Энэ захиаг та нар уншсаныхаа дараа лаодикчуудын чуулганд бас уншуулаарай. Та нар ч гэсэн Лаодикаас ирсэн захиаг уншаарай.
17 Архийпт "Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь" гэж хэлээрэй.
18 Паул би өөрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг та нар санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.



[Өмнөх]                [Дараах]



Колоссай [1][2][3][4]