Еврей [2]

1 Тиймээс бид урсаад явчихгүйн тулд сонссон зүйлдээ онцгой анхаарал хандуулах ёстой.
2 Учир нь хэрэв тэнгэр элч нараар хэлүүлсэн үг баттай байсан бөгөөд аливаа хилэнц ба дуулгаваргүй байдал нь шударга хариугаа хүртсэн бол,
3 бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.
4 Бас Бурхан Өөрийнхөө хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр дамжуулан тэдний хамт гэрчилсэн билээ.
5 Учир нь Тэр бидний ярьдаг ирэх ертөнцийг тэнгэр элч нарт захируулсангүй.
6 Харин нэг нь хаа нэгтээ ийнхүү гэрчилжээ.
"Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?
Эсвэл хүний хүү гэгч юу болоод Та түүнийг халамжилна вэ?
7 Та түүнийг тэнгэр элч нараас арай дорд болгожээ.
Та түүнд цог жавхлан ба хүндэтгэлийн титмийг өмсгөж,
[Өөрийн мутрын бүтээлүүдээ захируулахаар томилжээ.]
8 Та бүх юмсыг [түүний] хөл дор оруулсан"
9 Харин Бурханы нигүүлслээр хүн бүрийн төлөө үхлийг амсахын тулд тэнгэр элч нараас арай дорд болгогдсон бөгөөд үхлийн зовлонгийн учир цог жавхлан хийгээд хүндэтгэлийн титэм өмссөн Есүсийг бид хардаг.
10 Олон хөвгүүдийг алдар уруу авчрахдаа тэдний авралын Зохиогчийг нь зовлонгоор дамжуулан төгс болгох нь Түүнд зохистой байжээ. Бүх юмс Түүний төлөө бөгөөд Түүгээр бүх юмс байдаг.
11 Учир нь Ариусгагч болон ариусгагдагсад бүгд нэг гаралтай юм. Иймээс Тэр тэднийг ах дүүс гэж дуудахаас ичээгүй бөгөөд
12 "Таны нэрийг Би Өөрийн ах дүү нарт тунхаглана,
Чуулганы дунд Таныг Би магтан дуулна",
13 мөн
"Би Түүнд найдна",
"Намайг болон Бурханы Надад өгсөн хүүхдүүдийг харагтун"
14 Тийнхүү хүүхдүүд нь цус ба махан биеийн тасархай болов. Түүнчлэн Тэр Өөрөө бас тасархай болсон. Ингэснээр Тэр үхлийн хүч буюу диаволыг үхлээрээ устгаж,
15 бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан тэдгээр хүмүүсийг чөлөөлөх юм.
16 Учир нь үнэхээр Тэр тэнгэр элч нарт бус, харин Абрахамын үр удамд тусалдаг билээ.
17 Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.
18 Учир нь Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод тусалж чадна.



[Өмнөх]                [Дараах]



Еврей [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]