2 Тэр нь мэхэлдэггүй Бурханы мөнх цагаас өмнө амласан мөнх амийн найдварт үндэслэсэн юм.
3 Бурхан зохистой цагт Өөрийн Үгийг бидний Аврагч Бурханы тушаалаар надад даалгасан тунхаглалаар илэрхийлжээ.
4 Нийтлэг итгэлийн дагуу миний жинхэнэ хүүхэд болох Титэд би энэ захидлыг илгээв. Бидний Аврагч Христ Есүс ба Эцэг Бурханаас амар тайван, нигүүлсэл нь байх болтугай.
5 Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж, миний чамд зааварласны дагуу хот болгонд ахлагчдыг томилохын тулд юм.
6 Ахлагч хүн гэм зэмгүй, нэг эхнэрийн нөхөр, итгэгч хүүхдүүдтэй байх бөгөөд хүүхдүүд нь дураараа дургидаг, эсвэл тэрслүү хэмээн буруутгагдаагүй байх ёстой.
7 Юу гэвэл, харгалзагч нь Бурханы нярав учраас гэм зэмгүй, дур зоргоороо болон түргэн зантай биш, дарсанд шунахайрдаггүй, зодоонч биш, хялбар олз ашиг хайдаггүй,
8 харин зочломтгой, сайнд дуртай, ухаалаг, шударга, ариун, биеэ барьдаг байх ёстой бөгөөд
9 сургаалын дагуу итгэлт үгийг баримтлах ёстой. Тэгснээр тэр эрүүл сургаалаар ухуулах болон эсэргүүцэгч хүмүүсийн алдааг ойлгуулахын аль алинд нь чадвартай байх болно.
10 Учир нь олон тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид, ялангуяа хөвч хөндөх ёслол үйлдэгсэд байдаг.
11 Тэд бузар олз ашгийн төлөө заах ёсгүй юмсыг зааж, айл өрхийг ч бүхэлд нь хөмрөн хаядаг учраас тэднийг дуугүй болгох ёстой.
12 Өөрсдийнх нь эш үзүүлэгч болох тэдний нэгэн хүн "Кретчүүд үргэлж худал ярьдаг хүмүүс, бузар араатнууд, залхуу ховдгууд юм" гэж хэлжээ.
13 Энэ гэрчлэл бол үнэн юм. Ийм учраас тэднийг хатуу зэмлэ. Ингэснээр тэд итгэл дотор эрүүл байн,
14 иудейчүүдийн үлгэр домгууд болон үнэнийг огоорогч хүмүүсийн тушаалуудад анхаарлаа хандуулахгүй болно.
15 Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг.
16 Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.
[Өмнөх] |                  | [Дараах] |