1 Иохан [2]

1 Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэрэв хэн нэгэн нь нүгэл үйлдвэл, Эцэгийн өмнө бид Өмгөөлөгчтэй агаад тэр бол зөвт Есүс Христ мөн.
2 Тэр Өөрөө бидний нүглийн төлөөх эвлэрүүлэл бөгөөд зөвхөн бидний нүглийн төлөө бус, бас бүх ертөнцийн нүглийн төлөө билээ.
3 Хэрэв бид Түүний тушаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.
4 "Түүнийг би мэднэ" гэж хэлээд, Түүний тушаалуудыг сахидаггүй нэгэн бол худалч бөгөөд түүний дотор үнэн байхгүй.
5 Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр төгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ.
6 Түүний дотор оршдог гэж ярьдаг нэгэн Түүний хэрхэн явсанчлан өөрөө бас тийн явдаг байх ёстой.
7 Хайртууд минь, би та нарт шинэ тушаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тушаалыг бичиж байна. Энэхүү хуучин тушаал бол та нарын сонссон үг юм.
8 Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийн гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна.
9 Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм.
10 Ах дүүгээ хайрладаг нэгэн нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүний дотор бүдрүүлэх шалтгаан байхгүй.
11 Харин ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй.
12 Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна.
13 Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичиж байна. Залуус аа, та нар муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичиж байна.
14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн.
15 Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла. Хэрэв хэн нэгэн нь ертөнцийг хайрладаг бол түүний дотор Эцэгийн хайр байхгүй.
16 Учир нь ертөнцөд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдал нь Эцэгээс бус, харин энэ ертөнцөөс ирдэг юм.
17 Ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог.
18 Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.
19 Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.
20 Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.
21 Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн биш, харин түүнийг мэддэг бөгөөд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.
22 Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс өөр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм.
23 Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зөвшөөрнө түүнд Эцэг ч бий.
24 Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Хэрэв эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мөн Хүү болоод Эцэгийн дотор байх болно.
25 Энэ бол Тэр Өөрөө бидэнд амласан амлалт болох мөнх амь юм.
26 Та нарыг мэхлэхийг оролдож буй хүмүүсийн талаар эдгээрийг би та нарт бичсэн.
27 Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.
28 Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг үзэгдэх үед бид Түүний өмнө зоригтой байж, Түүнийг ирэхэд өмнө нь ичгүүргүй байх болно.
29 Хэрэв та нар Түүний зөвт гэдгийг мэдвэл, зөвийг үйлдэгч хүн бүр Түүнээс төрсөн гэдгийг бас мэднэ.



[Өмнөх]                [Дараах]



1 Иохан [1][2][3][4][5]