1 Тесалоник [1]

1 Паул би болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв. Нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
2 Бид та бүгдийн төлөө Бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан,
3 бид өөрсдийн Бурхан ба Эцэгийн өмнө Эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл, хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга санадаг.
4 Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэддэг.
5 Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очоогүй, мөн хүч ба Ариун Сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ.
6 Бас та нар үлэмж зовлон гамшиг дотор Ариун Сүнсний баяр хөөртэйгөөр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.
7 Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов.
8 Учир нь Эзэний үг та нараас гарч зөвхөн Македони болон Ахайд ч сонсогдсон төдийгүй Бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.
9 Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ эргэж Бурханд хандсан тухай,
10 ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэдэг Есүсийг Тэр үхэгсдээс амилуулсан бөгөөд Түүний Хүүг тэнгэрээс ирэхийг хүлээх тухай мэдүүлэв.



[Өмнөх]                [Дараах]



1 Тесалоник [1][2][3][4][5]