2 Тесалоник [1]

1 Паул би болон Силуан, Тимот нар бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд илгээв.
2 [Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
3 Ах дүү нар аа, бид үргэлж та нарын төлөө Бурханд талархал өргөх ёстой. Яагаад гэвэл та нарын итгэл үлэмж нэмэгдэж, хүн бүрийн чинь бие биеэ хайрлах хайр улам бүр өсөж байгаа учир ингэх нь зөв юм.
4 Та нарын тэсвэрлэдэг бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь төлөө бид өөрсдөө Бурханы чуулгануудын дунд та нараар бахархан ярьдаг.
5 Энэ нь та нар Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурханы зөв шүүлтийн шинж тэмдэг юм. Бурханы хаанчлалын төлөө ч та нар үнэхээр зовж байгаа билээ.
6 Бурхан шударга тул Тэр та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,
7 харин зовсон та нарт болон бидэнд хариуд нь тайвшралыг өгнө. Тэр үед Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт дүрэлзэх гал дотор тэнгэрээс илчлэгдэн,
8 Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс өшөө авах ажээ.
9 Тэд мөнх сүйрлийн төлөөсийг төлж, Эзэний оршихуй болон Түүний хүчний алдраас сална.
10 Энэ нь тэрхүү өдөр Өөрийн ариун хүмүүсийн дотор алдаршихаар болон итгэсэн бүх хүмүүсийн дунд гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь тэд бидний та нарт гэрчилсэн гэрчлэлд итгэсэн юм.
11 Тиймээс бидний Бурхан та нарыг дуудлагад чинь зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүчээрээ биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг.
12 Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийн нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор, мөн та нар ч Түүн дотор алдаршаасай хэмээн бид залбирдаг.



[Өмнөх]                [Дараах]



2 Тесалоник [1][2][3]