2 Тимот [2]

1 Иймд хүү минь, чи Христ Есүс дотор буй нигүүлсэлд зоригтой байгтун.
2 Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга.
3 Христ Есүсийн сайн цэрэг адил надтай хамт зов.
4 Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд өдөр тутмын амьдралын хэрэгт хутгалддаггүй.
5 Хэрэв хэн нэгэн нь барилдахдаа дүрмийн дагуу барилдахгүй бол шагнал авахгүй.
6 Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой.
7 Миний юу хэлж буйг эргэцүүлэн бод. Учир нь Эзэн чамд алив бүхний дотор ойлголтыг өгнө.
8 Миний сайн мэдээний дагуу, Давидын үр сад болох үхэгсдээс амилуулагдсан Есүс Христийг санаарай.
9 Үүний төлөө би гэмт хэрэгтэн адил хүлэгдэж, зовлон эдэлж байгаа боловч Бурханы үг хүлэгдээгүй.
10 Энэ шалтгааны улмаас Христ Есүс дотор авралыг мөнх алдрын хамт тэдэнд авахуулахын тулд сонгогдсон хүмүүсийн төлөө би бүгдийг тэвчинэ.
11 Энэ бол итгэмжит үг мөн.
Учир нь хэрэв бид Түүнтэй хамт үхсэн юм бол,
Мөн Түүнтэй хамт амьд байх болно.
12 Хэрэв бид тэвчвэл,
Мөн Түүнтэй хамт хаанчлах болно.
Хэрэв бид Түүнийг үгүйсгэвэл,
Мөн Тэр биднийг үгүйсгэх болно.
13 Хэрэв бид итгэмжтэй байгаагүй бол,
Тэр итгэмжит хэвээрээ байна.
Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж чадахгүй.
14 Эдгээрийг тэдэнд сануул. Сонсогчдыг сүйрэлд хүргэдэг хэрэггүй үгсээр бүү тэмцэлд хэмээн Бурханы оршихуйд чи тэдэнд чухалчлан тушаа.
15 Чи өөрийгөө ичих явдалгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээгтүн.
16 Харин дэлхийн ба хоосон үг ярианаас зайлсхий. Учир нь тэдгээр нь улам бүр бурханлаг бус байдал уруу хөтөлдөг аж.
17 Тэдний үг халдвар мэт тархдаг бөгөөд тэдний дунд Хуменай, Филет нар байна.
18 Тэд үнэнээс төөрөн одож, амилалт нь аль хэдийн болж өнгөрсөн хэмээн ярьж, зарим хүмүүсийн итгэлийг бусниулж байна.
19 Хэдий тийм боловч Бурханы бат суурь нь хэвээрээ байна. Энэ нь "Эзэн Өөрийн хүмүүсийг таньдаг", "Эзэний нэрийг нэрлэгч хүн бүр бузар муу явдлаас хол байгтун" гэсэн тамгатай.
20 Том байшинд зөвхөн алт, мөнгөн сав суулга байдаггүй. Мөн модон, шавран сав суулга ч байдаг. Зарим нь хүндэтгэлд, зарим нь жирийн үед хэрэглэгддэг.
21 Иймд хэрэв хүн өөрийгөө эдгээр зүйлээс цэвэрлэвэл, тэр хүн хүндэтгэлд зориулсан ариусгагдсан, Эзэндээ нийцсэн бөгөөд аливаа сайн үйлд бэлтгэгдсэн сав байх болно.
22 Идэр насныхаа дур хүслүүдээс зугт. Харин цэвэр зүрх сэтгэлээс Эзэнийг дуудагчдын хамт зөвт байдал, итгэл, хайр ба амар тайвныг мөрдөгтүн.
23 Харин мунхаг, эелдэг бус маргаанууд нь тэмцэл мөргөлдөөн бий болгодгийг мэдэх тул тэдгээрээс татгалз.
24 Эзэний боол тэмцэл мөргөлдөөнд оролцох ёсгүй. Харин бүх хүнд эелдэг зөөлөн ханд. Заах чадвартай, буруудахад тэвчээртэй байж,
25 зөрөлдөгсдийг төлөв байдал дотор засаж бай. Хэрэв магадгүй Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол
26 тэд ухаан орж, диаволын торноос чөлөөлөгдөх буй. Учир нь диавол өөрийн хүслээр тэднийг хөдөлгөхийн тулд тэднийг олзлон авсан байжээ.



[Өмнөх]                [Дараах]



2 Тимот [1][2][3][4]