Хаадын Дэд [10]

1 Ахабт Самарид далан хүү байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад, мөн Ахабын асрамжлагчдад илгээн,
2 -Одоо энэ захидал та нарт ирэнгүүт, та нарын эзний хөвгүүд нэгэнт та нартай хамт байгаа бөгөөд тэрэг, морьд, бэхлэгдсэн хот болон зэвсгүүд байгаа тул
3 өөрийн эзний хөвгүүдээс хамгийн сайн, хамгийн зохистойг сонгож, эцгийнх нь хаан ширээнд залан, эзнийхээ гэрийн төлөө тулалдагтун хэмээжээ.
4 Харин тэд ихэд айн,
-Харагтун, хоёр хаан түүний өмнө зогсож чадаагүй юм. Тэгвэл бид хэрхэн зогсож чадах вэ? гэцгээв.
5 Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн,
-Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.
6 Тэгэхэд Иехү хоёр дахь удаагаа тэдэнд захидал бичиж,
-Хэрэв та нар миний талд бөгөөд миний дууг сонсох бол өөрсдийн эзний хөвгүүд болох эрчүүдийн толгойг авч, маргааш яг өдийд над уруу Иезреелд ирэгтүн гэжээ. Тэр үед хааны хөвгүүд болох далан хүн өөрсдийг нь өсгөж буй хотын хүндэт хүмүүсийн хамт байв.
7 Тэдэнд захидал ирэхэд тэд хааны хөвгүүд болох далан хүнийг барьж алаад, тэдний толгойнуудыг сагснуудад хийн, Иезреелд буй Иехү уруу илгээв.
8 Элч ирээд, түүнд
-Тэд хааны хөвгүүдийн толгойнуудыг авчирлаа гэж мэдэгдэхэд, Иехү
-Тэдгээрийг дааман хаалганы орох үүдэнд өглөө болтол хоёр хэсэг болгон овоологтун гэв.
9 Өглөө Иехү гадагшаа гарч зогсоод, бүх ард түмэнд хандан
-Та нар гэмгүй. Үзэгтүн, би эзнийхээ эсрэг хуйвалдан, түүнийг алсан, харин энэ бүгдийг хэн алсан бэ?
10 Ахабын гэрийн тухайд ЭЗЭНий айлдсан Түүний үгнээс юу нь ч газарт унаагүй гэдгийг мэдэгтүн. Учир нь ЭЗЭН Өөрийн боол Елиагаар дамжуулан айлдсанаа гүйцэтгэсэн юм гэв.
11 Ингээд Иезреелд Ахабын гэрийнхнээс үлдсэн бүгдийг, түүний хүндэт хүмүүс, түүний дотнын хүмүүс, түүний тахилч нарыг, түүнд нэг хүнийг ч үлдээлгүйгээр Иехү хяджээ.
12 Тэгээд Иехү босон хөдлөж, Самари уруу явав. Замд түүнийг хоньчдын Бет-екед байх зуур
13 Иудагийн хаан Ахазиагийн төрөл садангуудтай Иехү тааралдаж,
-Та нар хэн бэ? хэмээв. Тэд
-Бид Ахазиагийн төрөл садан юм. Бид хааны хөвгүүд болон эх хатны хөвгүүдийн мэндийг асуух гэж яваа гэж хариулав.
14 Иехү
-Тэднийг амьдаар нь баригтун гэж тушаахад тэднийг амьдаар нь барьж, дөчин хоёр хүнийг Бетекедийн нүхэнд хороов. Тэднээс хэнийг ч үлдээсэнгүй.
15 Тэрээр тэндээс холдохдоо өөртэй нь уулзахаар ирж буй Рехабын хүү Иехонадабтай уулзжээ. Иехү түүнтэй мэндлээд, түүнд
-Миний зүрх чиний зүрхтэй хамт байгаачлан чиний зүрх зөв байна уу? гэхэд Иехонадаб
-Тийм байна гэж хариулав.
-Хэрэв тийм бол гараа өгөгтүн гэхэд тэрээр түүнд гараа өгсөнд Иехү түүнийг өөр уруугаа тэргэнд оруулав.
16 Иехү
-Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун гэв. Ингээд Иехү түүнийг тэргэндээ суулган явлаа.
17 Иехү Самарид ирээд Самарид Ахабт үлдсэн бүгдийг Елиад айлдсан ЭЗЭНий үгийн дагуу устгах хүртлээ алжээ.
18 Дараа нь Иехү бүх ард түмнийг цуглуулаад, тэдэнд
-Ахаб Баалд жаахан л үйлчилсэн бол Иехү түүнд маш их үйлчилнэ.
19 Одоо Баалын бүх эш үзүүлэгчийг, бүх мөргөгч болон бүх тахилчийг нь цуглуул. Би Баалд үлэмж их тахил өргөх тул нэгийг нь ч бүү үлдээ. Үлдсэн хэн боловч амьд үлдэхгүй хэмээв. Харин Иехү Баалыг шүтэн бишрэгчдийг устгахын тулд ингэж залилан хэлжээ.
20 Иехү
-Баалд зориулан ёслолын чуулганыг ариусгагтун гэсэнд тэд тунхаглав.
21 Тэгээд Иехү Израиль даяар хүн илгээсэн бөгөөд Баалын бүх мөргөгчид иржээ. Ирэлгүй үлдсэн нэг ч хүн байгаагүй юм. Тэд Баалын сүмд ороход Баалын сүм нэг захаас нөгөө зах хүртлээ дүүрсэн байв.
22 Иехү хувцасны агуулахыг хариуцсан хүнд
-Баалын бүх мөргөгчдөд хувцас авчрагтун гэж тушаасанд өнөөх хүн тэдэнд хувцас авч ирэв.
23 Иехү, Рехабын хүү Иехонадабын хамт Баалын сүм уруу ороод, Баалын мөргөгчдөд хандан
-Энд та нарын хамт ЭЗЭНий зарц нараас нэг ч хүн байхгүй, харин гагцхүү Баалыг мөргөгчид л байх эсэхийг олж харагтун гэв.
24 Тэгээд тэд өргөл болон шатаалт тахилуудыг өргөхөөр дотогш оров. Иехү өөртөө зориулаад наян хүнийг гадаа байрлуулан зогсоож,
-Би та нарын гарт оруулах хүмүүсээс нэгэнд ч гэсэн зугтах боломж олгосон хэн боловч түүний оронд өөрийн амийг өгнө шүү гэж анхааруулав.
25 Тэгээд тэрээр шатаалт тахил өргөж дуусмагц Иехү харгалзагч ба хааны түшмэдэд хандан
-Дотогш ороод тэднийг алагтун. Нэг ч хүнийг бүү гарга гэв. Тэд илдний ирээр тэднийг алав. Харгалзагчид болон хааны түшмэд гарган хаяж, Баалын сүмийн дотоод өрөө уруу оров.
26 Тэд Баалын сүмийн баганануудыг гаргаад шатаав.
27 Тэд бас Баалын баганануудыг хугалан, Баалын сүмийг нурааж, жорлон болгож орхисон нь энэ өдрийг хүртэл байгаа билээ.
28 Ийнхүү Иехү Израилиас Баалыг устгав.
29 Гэсэн хэдий ч Бетел ба Дан дахь алтан тугалууд буюу Израилиар нүгэл хийлгэсэн Небатын хүү Иеробоамын нүглүүдээс Иехү салж ангижирсангүй.
30 ЭЗЭН Иехүд
-Миний мэлмийд зөвийг гүйцэтгэснээрээ чи сайныг үйлдэж, Миний зүрхэн дэх бүхний дагуу Ахабын гэрт үйлдсэн тул чиний дөрөв дэх үеийн хөвгүүд чинь Израилийн сэнтийд заларна хэмээн айлджээ.
31 Гэвч Иехү бүх зүрх сэтгэлээсээ Израилийн Бурхан болох ЭЗЭНий хууль дотор алхахыг анхаарсангүй. Израилиар нүглийг үйлдүүлсэн Иеробоамын нүглүүдээс тэрээр салж ангижирсангүй.
32 Тэр өдрүүдэд ЭЗЭН Израилиас тасалж эхэлсэн юм. Хазаел Израилийн бүх газар нутагт тэднийг ялж байв.
33 Иорданы зүүнтэйд Гилеадын бүх нутгийг буюу гадчууд, реубенчүүд, манассечуудыг, мөн Арноны хөндий дэх Ареораас Гилеад, Башан зэргийг хүртэл ялав.
34 Иехүгийн бусад үйлс, түүний хийсэн бүгд, түүний хүч чадал зэрэг нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?
35 Иехү эцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Самарид оршуулсан юм. Түүний хүү Иехоахаз түүний оронд хаан болов.
36 Иехүгийн Самарид Израилийг захирсан хугацаа нь хорин найман жил байлаа.



[Өмнөх]                [Дараах]


Хаадын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25]