Хаадын Дэд [20]

1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн уруу ирээд,
-ЭЗЭН ийн айлдаж байна. "Гэрээ засагтун. Учир нь чи амьдрахгүй, үхнэ" гэсэн гэв.
2 Тэгэхэд тэрээр нүүрээ хана уруу эргүүлэн, ЭЗЭНд залбирахдаа
3 -Өө, ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайн үйлийг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд, цурхиран уйлав.
4 Исаиаг дундах хашаанаас гарахаас өмнө ЭЗЭНий үг түүнд ирж,
5 -Буцаад явж, Миний ард түмний удирдагч Хезекиад "Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөө уруу очно.
6 Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмж, чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Өөрийнхөө төлөө болон Миний зарц Давидын төлөө Би энэ хотыг хамгаална" гэв" гэж хэл хэмээн айлдлаа.
7 Тэгээд Исаиа
-Инжрийн хатаамлыг тавь гэв. Тэд түүнийг аваад, хатгин дээр нь тавьсанд Хезекиа эдгэв.
8 Хезекиа Исаиад
-ЭЗЭН намайг эдгээж, би гурав дахь өдөр нь ЭЗЭНий өргөө уруу явах болно гэсэн тэмдэг юу байх вэ? гэв.
9 Исаиа
-Дараах зүйл нь ЭЗЭН Өөрийн айлдсан ёсоор хийхийн ЭЗЭНээс ирэх тэмдэг болно. Сүүдрийг арван алхмаар урагшлуулах уу, эсвэл арван алхмаар ухраах уу? гэв.
10 Хезекиа хариуд нь
-Сүүдрийг арван алхмаар урагшлуулах нь амархан. Үгүй, харин сүүдрийг арван алхмаар буцаагтун гэж хэлжээ.
11 Эш үзүүлэгч Исаиа ЭЗЭНд хашхирсанд, Ахазын шатан дээгүүр өнгөрсөн сүүдрийг Тэрээр арван алхмаар буцаав.
12 Тэр үед Вавилоны хаан Баладаны хүү Беродах-баладан түүнийг өвчтэй байсныг дуулаад, Хезекиад захидал ба бэлэг илгээв.
13 Хезекиа үүнийг сонсоод, тэдэнд өөрийн бүх эрдэнэсийн сан, мөнгө, алт, амтлагч, үнэт тос, өөрийн зэвсгийн агуулах болон өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв. Хезекиагийн тэдэнд үзүүлээгүй нэг ч зүйл түүний гэрт болон бүх эзэмшилд нь үлдсэнгүй.
14 Тэгэхэд эш үзүүлэгч Исаиа Хезекиа хаан уруу ирж,
-Энэ хүмүүс юу ярьж байна вэ? Тэд хаанаас чамайг зорьж ирэв? гэж асуухад Хезекиа
-Тэд алс холын орон, Вавилоноос ирсэн гэж хариулав.
15 Исаиа
-Тэд таны гэрт юу үзэв? гэхэд Хезекиа
-Тэд гэрт минь байгаа бүхнийг үзсэн. Тэдэнд үзүүлээгүй юм миний эрдэнэсийн санд байхгүй гэв.
16 Тэгэхэд Исаиа Хезекиад
-ЭЗЭНий үгийг сонсогтун.
17 "Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй" гэж ЭЗЭН айлдаж байна.
18 "Чиний үр удам, чиний төрүүлэх хөвгүүдээс зарим нь аваачигдана. Тэд Вавилоны хааны ордонд түшмэд болно" гэв гэжээ.
19 Тэгэхэд Хезекиа Исаиад
-Таны хэлсэн ЭЗЭНий үг нь сайн юм гэв. Учир нь тэр "Хэрэв миний өдрүүдэд л амар амгалан, үнэн байвал болох юм бус уу?" гэж боджээ.
20 Хезекиагийн бусад үйлс, түүний бүх чадал, тэр хэрхэн цөөрөм болон ус түгээгүүрийн хоолойг байгуулж, хот уруу ус татсан зэрэг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
21 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, түүний хүү Манассе түүний оронд хаан болов.



[Өмнөх]                [Дараах]


Хаадын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25]