2 Самуел [3]

1 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид улам хүчирхэгжиж, харин Саулын гэр улам доройтсоор байлаа.
2 Хебронд Давидын хөвгүүд төрөв. Ууган хөвгүүн нь иезреел эмэгтэй Ахиноамаас төрсөн Амнон юм.
3 Удаах хөвгүүн нь кармел хүн Набалын бэлэвсэрсэн эхнэр Абигаилаас төрсөн Хилеаб. Гурав дахь хөвгүүн нь Гешурын хаан Талмаин охин Маахагийн хөвгүүн Абсалом юм.
4 Дөрөв дэх хөвгүүн нь Хаггитын хөвгүүн Адониа, тав дахь хөвгүүн нь Абиталын хөвгүүн Шефатиа,
5 зургаа дахь хөвгүүн нь Давидын эхнэр Еглагаас төрсөн Итреам юм. Тэд Давидын хөвгүүд болж Хебронд төрсөн юм.
6 Саулын гэр болон Давидын гэрийн хооронд дайн болох зуур Абнер Саулын гэрт өөрийгөө улам батжуулж байв.
7 Саулд Ризпа гэдэг татвар эм байсан бөгөөд Аиагийн охин байв. Иш-бошет Абнерт
-Чи яагаад эцгийн минь татвар эм уруу ороод байна? гэв.
8 Абнер Иш-бошетын хэлсэн үгэнд ихэд уурсаж,
-Би Иудад харьяалагдах нохойн толгой юм уу? Өнөөдөр би чиний эцэг Саулын гэр, түүний ах дүү болон нөхдөд энэрэнгүй хандаж, та нарыг Давидын гарт тушаагаагүй атал, чи өнөөдөр тэр эмээс болж намайг зэмлэж байна.
9 ЭЗЭН Давидад тангарагласны дагуу хэрэв би түүнд эс гүйцэлдүүлэх бол Бурхан Абнерыг улам ихээр шийтгэх болтугай.
10 Саулын гэрээс хаанчлалыг шилжүүлж, Давидын хаан ширээг Данаас Беершеба хүртэл, Израиль болон Иудагийн дээр тогтоохгүй бол шийтгэх болтугай гэв.
11 Иш-бошет Абнерт ганц ч үг хариулж зүрхэлсэнгүй. Учир нь тэр Абнераас айж байлаа.
12 Дараа нь Абнер өөрийнхөө өмнөөс Давид уруу элч нарыг илгээж,
-Энэ газар хэнийх вэ? Надтай гэрээгээ байгуулагтун. Бүх Израилийг тан уруу авчрахад миний гар тантай хамт байх болно гэж хэлүүлэв.
13 Давид
-Сайн байна! Би чамтай гэрээ байгуулъя. Гэхдээ чамаас нэг зүйлийг би шаардаж байна. Юу гэвэл, чи надтай уулзахаар ирэхдээ Саулын охин Михалыг дагуулж авчрахаас нааш миний нүүрийг харах ёсгүй гэв.
14 Тэгээд Давид Саулын хүү Иш-бошетэд элч нарыг илгээн,
-Филистчүүдийн зуун хөвчний арьсаар сүй тавьсан миний эхнэр Михалыг надад буцааж өгөгтүн гэж хэлүүлэв.
15 Иш-бошет хүн илгээж, тэр эмэгтэйг түүний нөхөр болох Лаишийн хөвгүүн Палтиелаас буцааж авав.
16 Харин нөхөр нь тэр эмэгтэйг уйлан дагаж, Бахурим хүртэл явжээ. Тэгээд Абнер түүнд
-Яв, буцагтун гэсэнд тэр буцав.
17 Абнер Израилийн ахлагчидтай зөвлөлдөн,
-Та нар эртнээс Давидыг өөрсдийн хаан болгохыг хүсэж байсан.
18 Одоо үүнийгээ биелүүлэгтүн. Учир нь ЭЗЭН Давидын талаар айлдахдаа "Өөрийн зарц Давидын гараар би Өөрийн ард түмэн Израилийг филистчүүдийн хийгээд хамаг дайсных нь савраас аварна" гэж айлдсан билээ гэв.
19 Абнер бас Бениаминыг сонсож байхад ярив. Үүний хажуугаар Хебронд буй Давидын сонсголд Израиль болон Бениамины хамаг гэрийн хувьд сайн сайхан бүх зүйлсийг дуулгахаар явлаа.
20 Тэгээд Абнер хорин хүнийг дагуулан Хебронд буй Давид уруу иржээ. Абнер болон түүний хамт буй хүмүүст зориулан Давид найр хийв.
21 Абнер Давидад
-Надад босон явж, хамаг Израилийг эзэн хаандаа цуглуулахыг зөвшөөрөөч. Тэд тантай гэрээ байгуулж, та сэтгэлийнхээ хүссэн бүхний хаан болох болтугай гэв. Ийнхүү Давид Абнерыг илгээсэнд тэр амар амгалан гарч одов.
22 Тэгтэл Давид болон Иоабын зарц нар аян дайралтаас их олзтой буцаж ирэв. Гэвч Давид Абнерыг илгээсэн бөгөөд тэрээр амар тайван явж одсон тул Абнер Давидын хамт Хебронд байсангүй.
23 Иоаб болон түүнтэй хамт байсан бүх цэрэг буцаж ирэхэд хүмүүс түүнд
-Нерийн хүү Абнер хаан уруу ирээд, хаан Абнерыг явуулсанд, тэр амар тайван явав гэж хэлэв.
24 Тэгэхэд Иоаб хаанд бараалхан
-Та юу хийчих нь энэ вэ? Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг буцааж явуулав? Тэр одоо явж одсон билээ.
25 Нерийн хүү Абнерыг та мэднэ шүү дээ. Тэр таныг мэхэлж, орж гарахыг тань харуулдан, хийж байгаа бүхнийг тань мэдэхийн тулд ирсэн билээ гэв.
26 Иоаб Давидын өргөөнөөс гараад, Абнерын араас элч нарыг илгээн, тэд түүнийг Сирагийн худгаас буцааж авчрав. Гэвч Давид үүнийг мэдсэнгүй.
27 Ингээд Абнерыг Хебронд буцаж ирэхэд, Иоаб түүнтэй хувьчлан ярихаар хаалганы төв хэсэг уруу түүнийг аваачиж, өөрийн дүү Асахелын цусны өшөөг авахаар хэвлий уруу нь хатгаж алав.
28 Үүний дараа нь Давид энэ тухай сонсоод
-Нерийн хүү Абнерын цусны тухайд бол би болоод миний хаанчлал ЭЗЭНий өмнө мөнхөд гэмгүй.
29 Түүний цус нь Иоабын толгой дээр болон эцгийнх нь бүх гэрийн дээр буух болтугай. Идээ ялгаруулагчид, уяман өвчтөнүүд, таяг тулагчид, илдэнд цохигдон унагсад, талхаар дутагсад Иоабын гэрээс бүү салах болтугай гэв.
30 Абнер дүү Асахелыг нь Гибеоны тулалдаанд алсан тул, Иоаб болон түүний дүү Абишаи нар Абнерыг алсан ажээ.
31 Тэгээд Давид Иоаб болон түүнтэй хамт байсан хамаг ардуудад
-Хувцсаа урж, таар өмсөж, Абнерын өмнө гашуудагтун гэв. Давид хаан өөрөө авсны араас алхлаа.
32 Ингээд тэд Абнерыг Хебронд оршуулав. Хаан Абнерын булшин дээр чангаар уйлж, хамаг ардууд ч уйлалдав.
33 Хаан Абнерт зориулан гашуудлын дууг дуулж,
-Мунхгийн үхэлтэй адил Абнер үхэх ёстой байв уу?
34 Чиний гар хүлэгдээгүй,
чиний хөл ч дөнгөлөгдөөгүй байсан.
Муу явдалтны өмнө унахын адил чи унав
35 Дараа нь өдрийн цаг байсаар байтал Давидыг талх идүүлэх гэж ятгахаар хамаг ардууд ирэв. Харин Давид тангараглаж,
-Хэрэв нар жаргахаас өмнө би талх, эсвэл ямар нэгэн юмыг амсвал, Бурхан намайг ихээр шийтгэх болтугай гэв.
36 Хамаг ардууд үүнийг ажиглахад хааны үйлдсэн хамаг хэрэг ардуудын таалалд нийцдэг байсны адилаар энэ нь ч мөн тэдний таалалд нийцэв.
37 Ингээд Нерийн хүү Абнерыг алах нь хааны хүсэл байгаагүй юм байна гэдгийг хамаг ардууд болон бүх Израиль тэр өдөр мэдэцгээлээ.
38 Дараа нь хаан зарц нартаа
-Өнөөдөр Израильд ноён болоод агуу хүн уналаа гэдгийг та нар мэдэхгүй байна уу?
39 Би тослогдсон хаан атал өнөөдөр дорой байна. Зеруиагийн хөвгүүд болох эдгээр хүмүүс намайг хүнд байдалд оруулж байна. Мууг үйлдэгч нэгэнд муу үйлийнх нь дагуу ЭЗЭН хүртээх болтугай гэв.



[Өмнөх]                [Дараах]

2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]