1 Цөллөгөөс ирсэн хүмүүс Израилийн Бурхан ЭЗЭНд сүм барьж байгааг Иуда, Бениамины дайснууд сонсоод,
2 Зеруббабел болон эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүдэд хандан,
-Бид та нартай хамт барилцъя. Учир нь бид та нартай адил танай Бурханыг хайдаг. Биднийг энд авчирсан Ассирийн хаан Есархаддоны өдрүүдээс хойш бид Түүнд тахил өргөсөөр байв гэв.
3 Гэвч Зеруббабел, Иешуа болон Израилийн эцгүүдийн бүлүүдийн бусад тэргүүнүүд тэдэнд
-Манай Бурханд өргөө барилцахад та нарт бидэнтэй адил зүйл юу ч байхгүй! Харин Персийн хаан Корешийн бидэнд тушаасан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд зориулан бид өөрсдөө босгох болно гэв.
4 Тэгэхэд тэр газрын ард түмэн Иудагийн хүмүүсийн урмыг нь мохоож, цаашид барихад нь тэднийг айлгаад,
5 Персийн Кореш хааны бүх өдрүүдэд Персийн Дариус хааны хаанчлах хүртэл тэдний зөвлөлийг нураалгахаар тэдний эсрэг зөвлөгчдийг хөлсөлжээ.
6 Ахашверошийн хаанчлалын үед, түүний хаанчлалын эхэнд тэд Иерусалим ба Иудагийн оршин суугчдын эсрэг буруушаах бичгийг бичив.
7 Артаксерксын өдрүүдэд Бишлам, Митредат, Табеел болон түүний бусад хамтрагчид нь Персийн Артаксеркс хаанд захидал бичсэн бөгөөд уг захидлын эх бичиг нь арамей хэлээр бичигдэж арамейгаас орчуулагдсан болно.
8 Захирагч Рехум болон гүүш Шимшаи нар Артаксеркс хаанд Иерусалимын эсрэг дараах захидлыг бичив.
9 Захирагч Рехум, гүүш Шимшаи болон тэдний бусад хамтрагчид, шүүгчид, бага тушаалын захирагчид, албан хаагчид, нарийн бичгийн дарга нар, Ерехийн хүмүүс, вавилончууд, Сусын хүмүүс болох еламчууд,
10 бусад хүмүүс буюу агуу, хүндэт Оснаппарын Самарийн хот хийгээд Евфрат мөрний тэртээх бусад газар шилжүүлэн суурьшуулсан хүмүүс хамт бичив хэмээв.
11 Энэ бол тэдний түүнд илгээсэн захианы хуулбар юм. "Артаксеркс хаанд: таны зарц, Евфрат мөрний тэртээх мужийн илгээв.
12 Эдүгээ танаас ирсэн иудейчүүд бидэн уруу Иерусалимд ирсэн юм. Тэд тэрслүү, хорон муу хотыг дахин босгож, хэрмийг нь барьж дуусган, суурийг нь засаж буйг хаан мэдтүгэй!
13 Хэрэв тэр хотыг дахин босгож, хэрмүүдийг нь барьж дуусгах юм бол тэд алба гувчуур, гааль, татварыг төлөхгүй бөгөөд энэ нь хаадын орлогод хохирол учруулна гэдгийг хаан мэдтүгэй!
14 Бид ордонд үйлчилдэг учир бидний хувьд хааны доромжлогдохыг үзэх нь үл зохих бөгөөд тиймээс бид үүнийг илгээж, хаанд мэдээллээ.
15 Энэ нь таны эцэг өвгөдийн бичлэгийн номуудад судалгаа явуулахын тулд юм. Тэгээд та бичлэгийн номуудаас тэр хот тэрслүү бөгөөд хаан болон мужуудад хохирол учруулагчид, мөн тэд өнгөрсөн өдрүүдэд тэр хотод бослого өдөөж байсан гэдгийг мэдэх болно. Тиймээс тэр хот эзгүй хоосон болсон.
16 Хэрэв тэр хот дахин босгогдож, хэрмүүд нь баригдаж дуусвал, үр дүнд нь та Евфрат мөрний тэртээх мужид ямар ч эзэмшилгүй болно гэдгийг бид хаанд мэдээлж байна" гэв.
17 Тэгэхэд захирагч Рехум, гүүш Шимшаи болон Самари, Евфрат мөрний тэртээх мужийн бусад нутгуудаар амьдрагч тэдний бусад хамтрагчдад хаан хариу илгээж "Амар тайван болтугай!
18 Та нарын бидэнд илгээсэн баримт бичиг орчуулагдаж, надад уншуулсан болой.
19 Би зарлиг гарган, судалгаа хийсэнд, тэр хот өнгөрсөн өдрүүдэд хаадын эсрэг босож байсан бөгөөд энэ хотод үймээн бослого болж байсан гэдгийг олж мэдлээ.
20 Мөн Иерусалимыг захирдаг хүчирхэг хаад байж, Евфрат мөрний тэртээх бүх мужийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.
21 Тиймээс одоо тэдгээр хүмүүсийг ажлаа зогсоож, намайг зарлиг гаргатал тэр хотыг дахин босгож болохгүй хэмээн тушаа.
22 Энэ хэргийг гүйцэтгэхдээ хайнга хандахаас болгоомжил. Хаадад хор хохирол учруулахыг ихэсгэх хэрэг юу байна вэ?" хэмээжээ.
23 Тэгээд Артаксеркс хааны баримт бичгийн хуулбарыг Рехум, гүүш Шимшаи болон тэдний хамтрагчдын өмнө уншмагц, тэд Иерусалим уруу иудейчүүд уруу яаран очиж, тэднийг зэвсгийн хүчээр зогсоов.
24 Тэгээд Иерусалим дахь Бурханы өргөөний ажил зогслоо. Энэ нь Персийн хаан Дариусын хаанчлалын хоёр дахь жил хүртэл зогсов.
[Өмнөх] |                  | [Дараах] |