Нехемиа [5]

1 Хүмүүс болон тэдний эхнэрүүдийн дунд иудей ах дүүсийнхээ эсрэг бөөн эсэргүүцэл гарав.
2 Учир нь "Бид хийгээд бидний хөвгүүд, охид олон байна. Тиймээс бид өөрсдийгөө тэжээж амьдрахын тулд үр тариа олж авцгаахыг бидэнд зөвшөөр" гэж хэлэгсэд энд байв.
3 Мөн "Өлсгөлөнгөөс болж, бид үр тариа олж авахын тулд тариан талбайгаа, усан үзмийн төглүүдээ, байшингуудаа барьцаалж байна" гэж хэлэх хүмүүс ч байв.
4 Мөн ийн хэлэгсэд ч байв. "Бидний тариан талбай, усан үзмийн төглүүдэд оноох хааны татварыг төлөхийн тулд бид мөнгө зээлсэн.
5 Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ".
6 Тэгээд би тэдний эсэргүүцлийг болон эдгээр үгсийг сонсоод ихэд уурлав.
7 Тэгээд би өөртөө зөвшөөд, сурвалжтанууд ба захирагчдыг зэмлэн, тэдэнд
-Та нар бүгд өөрсдийнхөө ах дүүгээс мөнгө хүүлэхийг шаардаж байна гэв. Тэгээд би тэдний эсрэг их чуулганыг цуглуулав.
8 Би тэдэнд
-Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүсээ өөрсдийн чадах чинээгээрээ чөлөөлсөн билээ. Одоо бидэнд худалдагдахын тулд та нар ах дүүсээ худалдах гэж үү? гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.
9 Би дахин хэлэв.
-Та нарын хийж буй зүйл чинь сайн юм биш. Та нар бидний дайснуудын болон үндэстнүүдийн зэмлэлээс болж Бурханы айдас дотор явахгүй гэж үү?
10 Үүнтэй адил би болон миний ах дүү нар миний зарц нар ч тэдэнд мөнгө ба үр тариаг зээлүүлж байгаа. Мөнгө хүүлэхээ больцгооё.
11 Яг энэ өдөр тэдний тариан талбай, усан үзмийн төглүүд, чидуны төглүүд болон байшингуудыг нь, мөн тэднээс шаардаж байгаа мөнгөний, үр тарианы, шинэ дарсны тосны хүүг тэдэнд буцаан өгцгөө гэв.
12 Тэгэхэд тэд
-Бид үүнийг буцаан өгөөд, тэднээс юу ч нэхэхгүй. Бид яг таны хэлсэнчлэн хийнэ гэв. Тиймээс би тахилч нарыг дуудаж, энэ амлалт ёсоор хийнэ гэсэн тангаргийг тэднээс авав.
13 Би мөн өөрийн хувцасны хормойг сэгсэрч, Бурхан энэ амлалтыг биелүүлээгүй хүн бүрийг гэрээс нь, эзэмшлээс нь ийнхүү сэгсрэг. Тэр ийнхүү сэгсрэгдэж бүр хоосрог гэв. Тэгэхэд бүх чуулган
-Амен гэв. Тэгээд тэд ЭЗЭНийг магтав. Дараа нь хүмүүс амласан ёсоороо үйлдэв.
14 Түүнээс гадна, би Иудагийн нутагт тэдний захирагчаар томилогдсон өдрөөс буюу Хаан Артаксерксын хорьдугаар оноос гучин хоёрдугаар он хүртэл арван хоёр жилийн турш би өөрөө ч, миний хамаатнууд ч захирагчийн хүнсний хангамжийг идсэнгүй.
15 Харин миний өмнө байсан урьдын захирагчид ард түмэнд ачаа үүрүүлж, дөчин мөнгөн шекелээс гадна тэднээс талх, дарс авч байсан. Зарц нар нь хүртэл ард түмнийг ноёлж байжээ. Харин би Бурханаас эмээсэн учир тийн үйлдсэнгүй.
16 Мөн би энэ хэрмийн ажилд бүх хүчээ шавхан оролцсон. Бид ямар ч газар худалдаж аваагүй бөгөөд миний бүх зарц нар тэнд ажиллахаар цугласан.
17 Түүнээс гадна, бидний эргэн тойронд байсан үндэстнүүдээс бидэн уруу ирэгсдээс гадна зуун тавин иудейчүүд болон захирагчид миний ширээнд хооллодог байв.
18 Өдөр бүр нэг үхэр, зургаан шилдэг хонь төхөөрч байсан төдийгүй, надад мөн шувуудыг бэлтгэдэг байв. Арван хоногт нэг удаа бүх төрлийн дарсыг элбэг дэлбэгээр өгч байв. Гэсэн ч энэ бүхэнд би захирагчийн хүнсний ногдлыг шаардаж байгаагүй. Учир нь энэ ард түмний дээрх боолчлол нь хүнд байв.
19 Бурхан минь, энэ ард түмний төлөө хийсэн бүхний минь дагуу, сайны төлөө намайг санаач.



[Өмнөх]                [Дараах]


Нехемиа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]