Даниел [2]

1 Небухаднезарын хаанчлалын хоёр дахь жилд тэрээр хэдэн зүүд зүүдэлсний улмаас сэтгэл нь хямарч, нойр нь хулжих болжээ.
2 Хаан зүүднүүдээ тайлуулахын тулд илбэчид, зурхайчид, мэргэ төлөгчид, халдеичуудыг дуудах тушаал өгчээ. Тэд ирж, хааны өмнө зогсов.
3 Хаан тэдэнд
-Би нэгэн зүүд зүүдлэв. Тэр зүүднийхээ учрыг ойлгохсон гэж сэтгэл минь шаналж байна гэв.
4 Халдеичууд хаанд арамей хэлээр
-Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.
5 Хаан халдеичуудад хариулан
-Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно.
6 Харин та нар зүүд болон түүний тайллыг айлтгавал надаас бэлгүүд хийгээд шагнал ба аугаа хүндэтгэлийг хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.
7 Тэд хоёр дахиа хариулан,
-Хаан та боолууддаа зүүдээ яригтун. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.
8 Хаан
-Та нар миний тушаал бат гэдгийг мэдсэн учир цаг хожихын тулд үнэ хаялцаж байгааг чинь би лавтай мэдэж байна.
9 Хэрэв та нар надад зүүдийг мэдүүлэхгүй бол та нарт зориулсан ганцхан зарлиг бий. Учир нь нөхцөл байдал өөрчлөгдөх хүртэл та нар миний өмнө худал ба мэхлэлийн үгсийг ярихаар хуйвалдсан байгаа. Тийм учраас надад зүүдийг яригтун. Тэгвэл та нарыг тайллыг нь айлтгаж чадна гэдгийг би мэдэх болно хэмээн хариулав.
10 Халдеичууд хаанд хариулан,
-Үүнийг хаанд хэлж чадах хүн газар дэлхий дээр нэг ч үгүй, мөн ямар ч агуу хүчтэй хаан эсвэл удирдагч иймэрхүү зүйлийг ямар ч илбэчин, зурхайч, халдеи шидтэнээс хэзээ ч асууж байгаагүй.
11 Түүгээр ч барахгүй хааны асуусан зүйл хэцүү бөгөөд үүнийг махбодтой хүмүүсийн дунд үл оршигч бурхдаас өөр хэн ч хаанд айлтгаж чадахгүй гэв.
12 Үүнээс болж хаан эгдүүцэж, маш их уурлаж хилэгнэн, Вавилоны бүх мэргэдийг устгахыг тушаав.
13 Мэргэдийг хөнөөх тухай зарлиг ч гарчээ. Даниел болон түүний нөхдийг хөнөөх гэж хайв.
14 Вавилоны мэргэдийг хөнөөн алахаар явж буй хааны бие хамгаалагчдын ахмад Ариохтай Даниел ухаалгаар, болгоомжтой ярилцав.
15 Тэрээр хааны ахмад Ариохаас асуун,
-Хааны тушаал яагаад ийм хойшлуулшгүй байгаа юм бэ? гэсэнд, Ариох Даниелд энэ хэргийн талаар мэдүүлэв.
16 Даниел дотогш орж, хаанд зүүдний тайллыг айлтгахын тулд цаг хугацаа өгөхийг хаанаас гуйв.
17 Дараа нь Даниел гэртээ хариад, өөрийн нөхөд Хананиа, Мишаел, Азариа нарт энэ хэргийн талаар мэдүүлэв.
18 Даниел болон түүний нөхөд Вавилоны бусад мэргэдтэй хамт устгуулахгүйн тулд энэ нууцын талаар тэнгэрийн Бурханаас өршөөл авахаар гуйхыг Даниел тэднээс хүсэв.
19 Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.
20 Даниел хэлэхдээ
-Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай.
Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.
21 Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн.
Тэрээр хаадыг босгож, унагадаг.
Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.
22 Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг.
Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.
23 Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе.
Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ.
Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм.
Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээ
24 Тийм учраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод,
-Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.
25 Тэгэхэд Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, хаанд ийнхүү хэлэв.
-Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо.
26 Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандан хаан
-Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.
27 Даниел хааны өмнө хариулан,
-Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.
28 Харин нууцуудыг илчилдэг Бурхан тэнгэрт байдаг бөгөөд хожмын өдрүүдэд юу тохиолдохыг Тэрээр Небухаднезар хаанд мэдүүлжээ. Таны зүүд буюу таныг орондоо байхад оюун санаанд тань үзэгдсэн үзэгдэл ийм болой.
29 Хаан минь, та орондоо байх үед таны бодлууд ирээдүйд болох зүйлс уруу хандсан бөгөөд нууцуудыг илчилдэг Нэгэн танд юу болохыг мэдүүлсэн байна.
30 Гэвч надад энэ нууцыг мэдүүлсэн нь миний дотор буй мэргэн ухаан өөр амьд хүнийхээс илүү учраас бус, харин энэ тайллыг хаанд мэдүүлж, таны оюун бодолд чинь буй бодлуудыг ойлгуулахын тулд юм.
31 Хаан минь, таныг харж байтал нэгэн асар том баримал үзэгджээ. Ер бусын сүрлэг, агуу том тэр баримал нь таны өмнө байсан бөгөөд түүний дүрс нь аймшигтай байлаа.
32 Энэхүү баримлын толгой нь шижир алтаар, цээж ба хоёр гар нь мөнгөөр, хэвлий ба гуя нь хүрлээр,
33 шилбэ нь төмрөөр, тавхай нь төмөр болоод шаврын холимогоор хийгдсэн бөлгөө.
34 Таныг харсаар байхад хүний гар хүрэлгүйгээр нэгэн чулуу цавчигдаж, тэр баримлын төмөр шаврын холимогоос бүтсэн тавхай уруу нь цохиж, хэсэг болгон буталжээ.
35 Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алт нь бүгд нэгэн зэрэг бутран, зун тээрэмдсэн тарианы хивэг мэт болжээ. Салхи түүнийг хийсгэж, ор мөргүй алга болгов. Харин тэр баримлыг бут цохисон чулуу нь асар том уул болоод бүх дэлхийг дүүргэжээ.
36 Зүүд нь ийм байсан бөлгөө. Одоо бид зүүдний учрыг хааны өмнө хэлж өгье.
37 Хаан минь, та бол хаадын хаан. Тэнгэрийн Бурхан танд хаанчлал, эрх мэдэл, хүч чадал ба алдрыг өгсөн билээ.
38 Аливаа нутагт нутаглах хүний хөвгүүд, хээрийн араатан болон огторгуйн шувуудыг Тэрээр таны гарт өгч, захируулсан бөлгөө. Та бол тэрхүү алтан толгой мөн.
39 Танаас хойш таныхаас буурай нэгэн хаанчлал бий болох бөгөөд дараа нь гурав дахь хүрлэн хаанчлал гарч ирэн, бүх дэлхийг захирна.
40 Дараа нь төмөр мэт хүчтэй дөрөв дэх хаанчлал гарна. Төмөр нь хамаг юмыг эвдэж нураадгийн адил тэр хаанчлал бусад бүх хаанчлалыг хэсэг болгон бутлах болно.
41 Таны үзсэнээр төмөр ба шаврын хольцноос бүтсэн тавхай болон хөлийн хуруунууд бол хуваагдсан хаанчлал байх болно. Гэхдээ таны үзсэнээр төмөр нь жирийн шавартай холилдсонтой адил тэр хаанчлал төмрийн хүчтэй байх юм.
42 Хөлийн хуруунуудын нэг хэсэг нь төмөр, нөгөө хэсэг нь шавар байсны адил тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно.
43 Та төмрийг жирийн шавартай холилдсоныг үзсэн мэт тэдгээр нь хүний үрээр хоорондоо холилдох болно. Харин төмөр нь шавартай холилддоггүйн адил тэдгээр нь ч хоорондоо наалдахгүй юм.
44 Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм.
45 Хүний гар хүрэлгүйгээр уулнаас нэгэн чулуу цавчигдан, төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтыг эвдлэхийг та үзсэн шиг ирээдүйд юу болох тухай аугаа их Бурхан хаан танд мэдүүлсэн юм. Энэ зүүд үнэн бөгөөд түүний тайлал нь итгэмжтэй юм хэмээн өгүүлэв.
46 Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.
47 Хаан Даниелд хариулан,
-Чи энэ нууцыг илчилж чадсан болохоор үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ гэв.
48 Хаан Даниелыг дэвшүүлэн, түүнд олон агуу бэлгүүдийг өгөөд, Вавилоны бүх мужийг түүгээр захируулж, Вавилоны хамаг мэргэдийн тэргүүн захирагч болгов.
49 Даниел хаанд хүсэлт гаргасны дагуу Шадрах, Мешах, Абед-него нараар хаан Вавилоны мужийн удирдлагыг захируулав. Даниел хааны ордонд суусан бөлгөө.



[Өмнөх]                [Дараах]



Даниел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]