1 Хаанчлал даяараа зуун хорин аймгийн захирагчийг томилж, тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцэв.
2 Мөн тэдний дээр гурван сайдыг томилсон бөгөөд (тэдний нэг нь Даниел юм). Учир нь хаанд ямар нэг төвөг учруулахгүйн тулд аймгийн захирагчид сайд нарт тайлан гаргах ёстой байлаа.
3 Тэгэхэд өнөөх Даниел ер бусын сүнсийг авсан тул сайд нар, аймгийн захирагчдаас тодорч эхэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байв.
4 Иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниелыг буруутгах үндсийг эрсэн боловч ямар ч буруутгах үндэс, ямар ч завхрал олсонгүй. Харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал, эсвэл завхрал олдсонгүй.
5 Тэгээд тэр хүмүүс
-Энэ Даниелаас өөрийнх нь Бурханы хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй нь гэж хэлэлцэв.
6 Тэгээд эдгээр сайд нар болон аймгийн захирагчид хуйвалдан, хаанд очиж,
-Дариус хаан минь, мөнх насалтугай!
7 Хаанчлалын бүх сайд, аймгийн захирагчид, цэргийн ноёд, зөвлөгчид ба түшмэд хэлэлцээд, хаанаас нэгэн тогтоол гаргаж, тушаал мөрдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Энэ нь гуч хоногийн туршид хаантан минь, танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн этгээд арслангийн нүхэнд хаягдах болно гэсэн тогтоол юм.
8 Хаан минь, одоо энэ тушаалыг гаргаж, Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор түүнийг дахин өөрчлөхгүйн тулд энэ албан бичиг дээр гарын үсгээ зурагтун гэв.
9 Тиймээс Дариус хаан албан бичиг буюу тушаал дээр гарын үсгээ зурав.
10 Тэрхүү албан бичигт гарын үсэг зурсныг Даниел мэдсэн үед гэртээ ороод, (дээд давхрын өрөөндөө тэрээр Иерусалимын зүг уруу харсан онгорхой цонхтой байлаа) урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн, Бурханыхаа өмнө залбиран, талархал өргөж байлаа.
11 Тэр хүмүүс хуйвалдан ирж, Даниелыг Бурханыхаа өмнө гуйлт хүсэлтээ өргөж байхыг олж харав.
12 Тэд хаанд очин, хааны тушаалын тухай сануулж
-Хаантан минь, гуч хоногийн туршид танаас өөр аль нэг бурханд, эсвэл хүнд гуйлтаа өргөсөн хэнийг ч болов арслангийн нүхэнд хаях болно гэсэн тушаалд гарын үсгээ зурсан биш үү? гэсэнд, хаан хариулан
-Энэ тунхаглал Меде, Персийн хувиршгүй хуулийн ёсоор үнэн зүйл юм гэв.
13 Тэгэхэд тэд хаанд хариулан,
-Иудагаас ирсэн олзлогдогсдын хүмүүсийн нэг Даниел, хаан минь, таныг болон таны гарын үсгээ зурсан зарлигийг ч үл ойшоон, өдөрт гурван удаа гуйлтаа өргөсөөр л байна гэв.
14 Хаан энэ тунхаглалыг сонсонгуутаа гүн уй гашууд автаж, Даниелыг аврахаар оюун санаагаа чиглүүлжээ. Даниелыг хэлтрүүлэхээр тэрээр нар жаргатал бүх хүчээ гаргав.
15 Дараа нь тэр хүмүүс хуйвалдан, хаан дээр ирээд,
-Хаантан минь, Меде, Персийн хуулийн ёсоор хааны тогтоосон тушаал, эсвэл тогтоол өөрчлөгдөж болдоггүй гэдгийг мэдтүгэй! гэв.
16 Тэгээд хаан зарлиг буулгаж, Даниелыг авчирч, арслангийн нүхэнд хаяв. Хаан Даниелд
-Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чинь чамайг Өөрөө аврах болно гэв.
17 Чулуу өнхрүүлэн авчирч, нүхний амыг таглав. Даниелын талаар юу ч өөрчлөхгүй байхын тулд хаан өөрийн болон өөрийн язгууртнуудын тамган бөгжөөр түүнийг тамгалж лацдав.
18 Хаан ордон уруу буцаад, мацаг барин шөнийг өнгөрүүлсэн бөгөөд ямар ч зугаацуулах зүйлийг үзээгүй, нойр нь ч хулжжээ.
19 Ингээд хаан үүрээр, өдөр эхэлж байхад босож, арслангийн нүх уруу яаран очив.
20 Тэрээр Даниел уруу, нүх уруу дөхөж очоод зовсон дуугаар хашхирч, Даниелыг дуудаж
-Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу? гэв.
21 Даниел хаанд хариулан
-Хаантан минь, мөнх насалтугай!
22 Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй гэв.
23 Хаан маш их баярлаж, Даниелыг нүхнээс гаргахыг тушаасан. Даниелыг нүхнээс гаргаж ирэхэд түүний биед ямар нэг гэмтэл байсангүй. Яагаад гэвэл тэр өөрийн Бурханд итгэсэн бөлгөө.
24 Дараа нь хаан зарлиг буулгаж, Даниелыг хилс гүтгэсэн хүмүүсийг авчран, тэднийг эхнэр хүүхдүүдтэй нь хамт арслангийн нүхэнд хаяв. Тэд нүхний ёроолд хүрээгүй байхад арслангууд тэднийг дарж, бүх ясыг нь хугалан буталжээ.
25 Тэгээд Дариус хаан бүх газар нутагт амьдарч байсан бүх ард түмэн, үндэстэн, бүх хэлтэнд захидал бичиж, "Та нарын амар амгалан бялхах болтугай.
26 Миний хаанчлалын хэсэг бүрд хүмүүс Даниелын Бурханы өмнө эмээн чичрэгтүн гэдгийг би тушааж байна.
Яагаад гэвэл Тэрбээр амьд Бурхан бөгөөд үүрд мөнх хувиршгүй.
Түүний хаанчлал устгагдашгүй хаанчлал,
Түүний эрх мэдэл мөнхөд байх болно.
27 Тэрээр тэнгэр ба газарт аварч, чөлөөлж,
Гайхамшиг болон тэмдгүүдийг үйлддэг.
Тэрээр бас Даниелыг арслангийн савраас аварсан билээ"
28 Ийнхүү Дариус болон Персийн Корешийн хаанчилсан үед Даниел амжилт олсоор байв.
[Өмнөх] |                  | [Дараах] |