1 Тараан бутраагч нэгэн чиний эсрэг хүрч ирлээ.
Цайзаа хамгаал, замыг ажигла.
Ууцаа бэхэлж, өөрийн бүх хүчээ хураа.
2 Учир нь сүйтгэгчид тэднийг сүйтгэсэн ч,
тэдний усан үзмийн модны мөчрүүдийг хугалсан ч,
ЭЗЭН Иаковын сүр хүчийг Израилийн сүр хүч шиг сэргээх болно.
3 Түүний хүчит эрсийн бамбайнууд нь улаан өнгөтэй,
дайчид нь час улаан өнгөөр хувцасласан.
Түүнийг жагсаалд гарахаар бэлтгэх өдөрт тэрэгнүүд нь гангийн галд хучигдсан.
Нарсан жаднууд найгаж байна.
4 Тэрэгнүүд нь гудамжнуудаар галзууран уралдаж,
тэд талбайнуудаар зэрлэгээр давхилдана.
Тэдний дүр төрх нь бамбарууд мэт,
тэд цахилах гялбаанууд мэт нааш цааш цахилж байна.
5 Тэр өөрийнхөө сурвалжтнуудыг санадаг байна.
Тэд алхаан дундаа бүдэрч, хана хэрэм уруу нь яарцгаан, бүслэлтийн хаалт босгоно.
6 Голуудын дааман хаалганууд нээлттэй байх бөгөөд орднууд сүйрчээ.
7 Бүх юм шийдэгдсэн.
Түүнийг нүцгэлж, авч одсон ажээ.
Түүний шивэгчид цээжээ дэлдэж, тагтаа дуугарах мэт ёолно.
8 Хэдийгээр Ниневе нь бүхий л өдрүүдийнхээ туршид усан цөөрөм мэт байсан боловч
одоо тэд зугтаж байна.
"Зогс, зогс" гэх боловч буцаж ирэх хэн ч алга.
9 Мөнгийг олзол, алтыг олзол.
Учир нь хүсүүштэй зүйлсийн төрөл бүрээс бүрдсэн баялаг эрдэнэст хэмжээ хязгаар ер алга.
10 Тэр хоосорсон байна!
Тийм ээ, тэр эзгүйрэн сүйтгэгджээ.
Зүрхнүүд хайлж, өвдгүүд чичирч байна.
Өвчин бүх биеэр тархаж тэдний бүх нүүр зэвхий цайжээ.
11 Тэнд арслангуудын нүх,
залуу арслангуудын хооллох газар байсан.
Тэнд эр, эм арслан ба арслангийн гүег мярааж,
тэдэнд хэн ч саад болдоггүй байсан.
12 Арслан гүегүүддээ хангалттай ихийг уран тастаж,
эм арслангууддаа хангалттай ихийг алж,
өөрийн ичээгээ олзоор, өөрийн нүхнүүдээ тастсан махаар дүүргэжээ.
13 "Харагтун, Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна. "Би утаан дунд түүний тэрэгнүүдийг шатааж, чиний залуу арслангуудыг илд залгина. Би чиний олзыг газраас таслаж, чиний элч нарын дуу цаашид сонсогдохгүй".
[Өмнөх] |                  | [Дараах] |