1 Худал ба дээрмээр бүрэн дүүрсэн, цуст хот нь гаслантай яа.
Түүний олз нь хэзээ ч одохгүй.
2 Ташуурын дуу, дугуйнуудын таржигнасан чимээ,
морьдын цогих, үсрэн харайх тэрэгнүүдийн дуу.
3 Морьтонгууд мордож, илднүүд гялалзаж, жаднууд туяарна.
Олон үхэгсэд, үй олон хүүр, тоймгүй олон цогцос.
Хүмүүс цогцоснууд дээр бүдэрч унана.
4 Энэ бүхэн нь янхны завхай тачаалаас,
илбэчдийн нууц амраг, дур булаам нэгнээс болсон юм.
Тэр өөрийн янхандалтаар үндэстнүүдийг худалдаж мөн ард түмнүүдийг ид шидээр татдаг.
5 "Харагтун, Би чиний эсрэг байна" гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
"Би чиний банзлуудыг нүүрэнд чинь хүртэл сөхөж,
чиний нүцгэн байдлыг үндэстнүүдэд,
чиний ичгүүрийг хаанчлалуудад үзүүлэх болно.
6 Би чиний дээр бузар юмыг хаяж, чамайг олиггүй болгоно.
Чамайг үзвэр мэт тавих болно.
7 Чамайг харах хүн бүхэн чамаас зайлан,
"Ниневе сүйтгэгдсэн!
Түүний төлөө хэн гашуудах вэ?" гэж хэлнэ.
Чамайг тайвшруулагчдыг Би хаанаас хайх вэ?".
8 Усаар хүрээлэгдэн,
Нил мөрний дэргэд байрласан Но-амоноос чи илүү дээр гэж үү?
Гол нь түүний цайз болж, далай нь түүний хана байсан.
9 Етиоп болон Египет түүний хэмжээ хязгааргүй хүч чадал нь байсан.
Пут, Лубим нар түүний туслагчдын дунд байсан.
10 Гэсэн ч тэр цөлөгдөж, олзлогдон явсан.
Мөн гудамж бүрийн эхэнд түүний балчир хүүхдүүдийг хэмхэртэл чулуудсан.
Тэд хүндэтгэлтэй хүмүүсийнх нь төлөө шавга татаж,
бүх агуу хүмүүсийг нь дөнгөлсөн.
11 Та нар ч мөн согтож, нуугдан,
дайснаас хоргодох газрыг хайх болно.
12 Та нарын бүх бэхлэлт бол боловсорсон жимстэй инжрийн мододтой адил юм.
Тэднийг сэгсрэхэд л тэд идэгчийн аманд унадаг.
13 Харагтун, танай ард түмэн бол та нарын дундах эмэгтэйчүүд юм.
Нутгийн чинь дааман хаалганууд танай дайснуудад өргөнөөр нээлттэй байна.
Дааман хаалганы хаалтуудыг чинь гал шатаадаг.
14 Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав!
Бэхлэлтүүдээ бэхжүүл.
Шаварт явж, наалданг шаврыг зуурч, тоосго шатаах зуухнуудаа засварла.
15 Тэнд гал чамайг шатааж, илд чамайг цавчин унагах болно.
Царцаа мэт тэр чамайг сүйтгэх болно.
Өөрийгөө мөлхөгч царцаа мэт олшруул.
Өөрийгөө багшрах царцаа мэт олон болго.
16 Чи өөрийн худалдаачдыг тэнгэрийн оддоос илүү ихээр өсгөсөн.
Харин тэд мөлхөгч царцаанууд адил тонож, нисэн одож байна.
17 Чиний харуулууд багшрах царцаа мэт юм.
Чиний өрлөг жанжнууд хүйтэн өдөр чулуун ханан дээр сууцгааж буй сүрэг дэвхрэгтэй адил.
Нар мандахад тэд зугтаж, тэдний байгаа газрыг хэн ч мэдэхгүй.
18 Өө, Ассирийн хаан аа.
Чиний хоньчид унтаж, чиний язгууртнууд хэвтэж байна.
Чиний ард түмэн уулсаар тарсан бөгөөд тэднийг цуглуулан авчрах хэн ч алга.
19 Чиний бэртэлтэд ямар ч эмчилгээ байхгүй.
Чиний шархнууд эдгэршгүй.
Чиний тухай сонссон бүгд чам дээр алгаа таших болно.
Чиний байнгын харгислалд өртөөгүй хүн гэж бий юу?
[Өмнөх] |                  | [Дараах] |