Египетээс Гарсан Нь [12]

1 ЭЗЭН Египетийн нутагт Мосе, Аарон нарт
2 -Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно.
3 Израилийн бүх чуулганд ийнхүү хэл. "Энэ сарын арванд хүн бүр эцгийнхээ бүлийн дагуу өөрсдөдөө нэг хургыг ав. Бүл бүрийн төлөө нэг хургыг ав.
4 Хэрэв хурга авахад ам бүл дэндүү цөөхөн байвал хамгийн ойрхон хөрштэйгөө хамтран, хүмүүсийнхээ тооны дагуу нэг хургыг аваад, хүн бүрийн идэх хэмжээгээр хургыг хуваа.
5 Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав.
6 Уг сарын арван дөрвөн хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн бүх чуулганы цуглаан нь тэдгээрийг нядал.
7 Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургыг идэх айлын хаалганы баруун зүүн хатавчинд ба тотгонд цуснаас нь нялах ёстой.
8 Тэд галд шарсан махыг нь исгээгүй талх ба гашуун ногоотой хамт тэр шөнөдөө идэх ёстой.
9 Түүний аль ч хэсгийг нь түүхийгээр, эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин түүний толгой, гуяыг гэдэс дотортой нь галд шаран ид.
10 Та нар түүний аль ч хэсгийг өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаа.
11 Та нар түүнийг идэхдээ бүсээ бүсэлж, хөлдөө шаахайгаа углаад, гартаа таягаа бариад, яаравчлан ид. Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баяр юм.
12 Би тэр шөнө Египет орон даяар явж, Египетийн нутаг дахь уугануудыг, хүн, мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египетийн бүх бурхдад ял шийтгэл буулгана. Би бол ЭЗЭН.
13 Цус нь та нарын байгаа гэр дээр та нарын төлөө тэмдэг болно. Би Египет газрыг цохих үед цусыг хараад, та нарын дээгүүр өнгөрөх учир сүйрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй.
14 Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.
15 Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.
16 Эхний өдөрт болон долоо дахь өдөрт ариун цуглаан хий. Энэ өдрүүдэд хүн бүрийн идэх юмыг л бэлдэхээс өөр ямар ч ажил та нар бүү хий.
17 Та нар бас Исгээгүй Талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр Би та нарын цэргийг Египетийн нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан, улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.
18 Тэргүүн сард, уг сарын арван дөрөвний үдшээс хорин нэгний үдэш хүртэл та нар исгээгүй талхыг идэх ёстой.
19 Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана.
20 Та нар исгэсэн ямар ч юмыг бүү ид. Та нар оршин буй бүх газартаа исгээгүй талх ид" гэв.
21 Мосе Израилийн бүх ахмадуудыг дуудан, тэдэнд
-Явцгаа. Өөрсдийн бүлийн дагуу өөрсдөдөө хурга авч, Дээгүүр Өнгөрөх баярын хургыг нядал.
22 Та нар багцалсан хиссоп аваад, саван доторх цусанд дүрээд, тэрхүү саван доторх цуснаас хаалганы тотго ба хоёр хатавчинд түрх. Өглөө болтол нэг ч хүн өөрийн гэрийн хаалганы гадна бүү гар.
23 ЭЗЭН египетчүүдийг цохихоор өнгөрөх болно. Хаалганы тотго ба хоёр хатавчин дахь цусыг хараад ЭЗЭН уг хаалган дээгүүр өнгөрч, та нарыг цохихоор гэрт чинь орохыг устгагчид зөвшөөрөхгүй.
24 Та нар энэ үйл явдлыг өөрсдөдөө болон үр хүүхдүүддээ зарлиг болгож мөнхөд тэмдэглэ.
25 ЭЗЭН амласан ёсоороо та нарт өгөх тэр газар уруу орох үедээ та нар энэ ёслолыг тэмдэглэ.
26 Та нарын хүүхдүүд "Энэ ёслол ямар учиртай юм бэ?" гэж хэлэх үед
27 та нар "Энэ бол ЭЗЭНий Дээгүүр Өнгөрөх баярын тахил юм. Тэр египетчүүдийг цохих үедээ Египетэд байгаа Израилийн хөвгүүдийн гэрч нарын дээгүүр өнгөрч, бидний гэр орныг аварсан" гэж хэл хэмээсэнд, ард түмэн доош мэхийн, хүндэтгэн мөргөв.
28 Израилийн хөвгүүд явж, Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
29 Шөнө дөлөөр, сэнтийдээ залрагч Фараоны ууган хүүгээс эхлээд, гянданд хоригдож байгаа хүний ууган хүүг хүртэл, мөн малын бүх анхны төл, Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо.
30 Тэр шөнө Фараон хийгээд түүний бүх зарц нар, бүх египетчүүд боссон бөгөөд Египетэд асар их уйлаан майлаан боллоо. Учир нь үхэл хагацал нүүрлээгүй нэг ч айл тэнд байсангүй.
31 Шөнө Фараон Мосе, Аарон нарыг дуудаж
-Та нар болон Израилийн хөвгүүд босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд үйлчил.
32 Та нар хэлснээрээ хонио, үхрээ аваад яв. Мөн намайг ч ерөөгөөч гэв.
33 Египетчүүд
-Бид бүгд үхэх нь гээд, ард түмнийг яаруулан, нутгаасаа бушуухан гаргах гэв.
34 Тиймээс ард түмэн исгээгүй зуурсан гурилыг хийсэн савнуудаа хувцсандаа боогоод, мөрөн дээрээ үүрэв.
35 Израилийн хөвгүүд Мосегийн үгээр үйлдэв. Тэд египетчүүдээс мөнгөн эдлэл, алтан эдлэл болон хувцас нэхжээ.
36 ЭЗЭН египетчүүдийн нүдэнд ард түмнээ таалан соёрхсонд, тэдний нэхсэнээр египетчүүд өгсөн. Тийнхүү тэд египетчүүдийг дээрэмдсэн билээ.
37 Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд, хүүхдүүдээс гадна, зургаан зуун мянга орчим явган цэрэг эр байсан.
38 Холилдсон үй олон хүмүүс, хонь, үхэр, асар олон тооны мал сүрэг тэдэнтэй хамт гарав.
39 Тэд Египетээс авч гарсан зуурсан гурилаараа исгээгүй талх хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч хоол бэлтгэж чадаагүй юм.
40 Израилийн хөвгүүд Египетэд нутагласнаас хойш дөрвөн зуун гучин жил болжээ.
41 Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий бүх цэргүүд Египетийн нутгаас гарав.
42 Энэ бол Египетийн нутгаас тэднийг гаргасны төлөө ЭЗЭНд баяр тэмдэглэх шөнө юм. Энэ шөнө бол Израилийн бүх хөвгүүдийн үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.
43 ЭЗЭН Мосе, Аарон нарт
-Дээгүүр Өнгөрөх баярын ёс нь ийм байна. Ямар ч харь хүн үүнээс идэж болохгүй.
44 Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно.
45 Түр оршин суугч, эсвэл хөлсний зарц үүнээс идэж болохгүй.
46 Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй, ямар ч ясыг нь хугалж болохгүй.
47 Израилийн бүх чуулган үүнийг үйлдэгтүн.
48 Хэрэв та нартай хамт явж байгаа харь хүн ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэе гэвэл, түүний бүх эр хүйстэн хөвч хөндүүлсний дараа тэрээр үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хөвч хөндүүлээгүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй.
49 Уугуул нутгийнханд болон та нарын дунд аялагч харь хүнд нэг л хууль байг гэж айлдав.
50 Бүх Израилийн хөвгүүд Мосе, Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв.
51 Яг тэр өдөр ЭЗЭН Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египетийн нутгаас гаргав.



[Өмнөх]                [Дараах]



Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]