1 ЭЗЭН Мосед
-Фараонд очиж, түүнд "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
2 Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзвал, Би чиний бүх нутаг дэвсгэрийг мэлхийгээр цохино.
3 Нил мэлхийгээр дүүрч, тэдгээр нь гарч ирээд, чиний ордонд, чиний унтлагын өрөөнд, орон дээр чинь, чиний зарц нарын гэрт ба ард түмэнд чинь, чиний зууханд, гурилын саванд орно.
4 Чамд, чиний ард түмэнд болон чиний бүх зарц нарт мэлхий гарч ирнэ"" гэж хэл хэмээн айлдав.
5 ЭЗЭН Мосед
-Ааронд "Таягтай гараа гол мөрөн, горхи, цөөрмүүдийн дээгүүр сунгаж, Египетийн нутагт мэлхий оруул" гэж хэл хэмээв.
6 Аарон гараа Египетийн усан дээгүүр сунгасанд, мэлхийнүүд гарч ирээд Египетийн нутгийг бүрхэв.
7 Илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдэж, Египетийн нутагт мэлхий орууллаа.
8 Фараон, Мосе Аарон нарыг дуудаж
-Надаас болон миний ард түмнээс мэлхийг зайлуулаач гэж ЭЗЭНээс гуй. Би ард түмнийг явуулж, ЭЗЭНд тахил өргүүлье гэж хэлэв.
9 Мосе Фараонд
-Таны төлөө болон таны зарц нар, таны ард түмний төлөө гуйж, та нараас болон гэрүүдээс чинь мэлхийг зайлуулан зөвхөн Нилд үлдээхийн төлөө би хэзээ гуйхыг хэлэх завшааныг танд өгье гэв.
10 Тэр
-Маргааш гэж хэлэв. Мосе
-Бидний Бурхан ЭЗЭН шиг нэгэн байхгүй гэдгийг танд мэдүүлэхийн тулд таны хэлснээр байх болтугай.
11 Та болон танай гэрүүд, таны түшмэд, таны ард түмнээс мэлхий зайлж, зөвхөн Нилд л үлдэнэ гэж хариулав.
12 Мосе, Аарон нар Фараоныхаас гараад, Фараонд учруулсан мэлхийн талаар Мосе ЭЗЭНээс хашхиран гуйв.
13 ЭЗЭН Мосегийн үгийн дагуу үйлдэв. Мэлхийнүүд гэр, хашаа болон талбайнуудаас гарч үхэцгээв.
14 Хүмүүс тэднийг цуглуулж овоолсонд, газар өмхийрөв.
15 Гэвч амар амгалан болсныг Фараон үзээд, зүрхээ хатууруулж, ЭЗЭНий айлдсанчлан тэднийг сонссонгүй.
16 ЭЗЭН Мосед
-Ааронд "Таягаа сунган газрын тоосыг цохь. Тэр нь Египетийн бүх нутаг даяар бөөс болох болтугай" гэж хэл хэмээв.
17 Тэд тийнхүү үйлдэв. Аарон таягаа барьсан гараа сунган, газрын тоосыг цохиход, бөөснүүд хүн, малд шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос нь бөөс болон хувирсан.
18 Илбэчид илбээрээ бөөс гаргах гэж оролдсон боловч чадсангүй. Бөөснүүд хүн, малд шавав.
19 Илбэчид Фараонд
-Энэ бол Бурханы хуруу гэж хэлжээ. Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.
20 ЭЗЭН Мосед
-Өглөө эрт босож, Фараоныг усанд ирэхэд нь түүний өмнө очоод түүнд "ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.
21 Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол Би чамд болон чиний зарц нар, чиний ард түмэнд болон танай гэрүүд уруу бөөн ялааг явуулна. Египетчүүдийн гэрүүд, мөн тэдний амьдардаг газар нь бөөн ялаагаар дүүрнэ.
22 Харин тэр өдөр Би Өөрийн ард түмний байгаа Гошен газрыг тусгаарлан, тэнд ямар ч ялаан сүрэг байлгахгүй. Ингэснээр ЭЗЭН Би энэ газар нутагт байгаа гэдгийг чамд мэдүүлэх болно.
23 Би Өөрийн ард түмэн ба чиний ард түмний хооронд зааг тавина. Энэ тэмдэг маргааш биелэх болно"" гэж хэл хэмээн айлдав.
24 ЭЗЭН тийнхүү үйлджээ. Тоо томшгүй бөөн ялаа Фараоны ордон болон түүний зарц нарын гэр, Египетийн бүх газарт ирэв. Асар олон ялаанаас болж газар хоосров.
25 Фараон, Мосе Аарон нарыг дуудан
-Явж, энэ газарт өөрсдийн Бурханд тахил өргө гэж хэлэв.
26 Мосе
-Тэгж болохгүй. Бид египетчүүдийн жигшдэг юмсыг өөрсдийн Бурхан ЭЗЭНд өргөх болно. Хэрэв бид египетчүүдийн нүдэн дээр, тэдний жигшдэг юмсыг өргөвөл, тэд биднийг чулуугаар цохих биш үү?
27 Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, өөрсдийн Бурхан ЭЗЭНд Түүний тушаасанчлан тахил өргөх ёстой гэж хэлэв.
28 Фараон
-Би та нарыг явуулна. Та нар цөлд өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ тахил өргөөрэй. Харин та нар битгий их хол яваарай. Миний төлөө гуйгаач гэв.
29 Мосе
-Үзэгтүн, би танайхаас гармагцаа ЭЗЭНээс гуйна. Тэгвэл маргааш бөөн ялаа Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлна. Харин Фараон ард түмнийг ЭЗЭНд тахил өргүүлэхээр явуулалгүй дахин бүү мэхлээрэй гэж хэлэв.
30 Мосе Фараоныхаас явж, ЭЗЭНээс гуйв.
31 ЭЗЭН Мосегийн хэлсэн ёсоор үйлдэж, бөөн ялааг Фараон болон түүний зарц нар, түүний ард түмнээс зайлуулж, нэгийг ч үлдээсэнгүй.
32 Гэвч Фараон энэ удаа ч мөн зүрхээ хатууруулан, ард түмнийг явуулсангүй.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]