Египетээс Гарсан Нь [16]

1 Израилийн хөвгүүдийн бүх чуулган Елимээс хөдөлж, Египетээс гарснаас хойш хоёр дахь сарын арван тав дахь хоногт Елим болон Синаи уулын хоорондох Син цөлд хүрэв.
2 Израилийн хөвгүүдийн бүх чуулган цөлд Мосе, Аарон нарын эсрэг гомдоллов.
3 Израилийн хөвгүүд тэдэнд
-Бид Египетийн нутагт махтай тогооны хажууд сууж, цадталаа талх иддэг байх үедээ ЭЗЭНий мутраар үхсэн нь дээр байж. Та нар бүх чуулганыг өлсгөлөнгөөр алах гэж биднийг энэ цөл уруу авчрав гэв.
4 ЭЗЭН Мосед
-Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.
5 Тэд өдөр бүр хураадгаасаа хоёр дахин ихийг зургаа дахь өдөрт хурааж бэлтгэг гэв.
6 Мосе, Аарон нар Израилийн бүх хөвгүүдэд
-ЭЗЭН та нарыг Египетийн газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно.
7 Та нар ЭЗЭНий алдрыг өглөө харна. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид хэн болоод та нар бидний эсрэг гомдоллоод байгаа юм бэ? гэв.
8 Мосе
-ЭЗЭН орой нь та нарт идэх мах өгч, өглөө нь та нарт цадтал талх өгнө. Учир нь Өөрийнх нь эсрэг гаргасан та нарын гомдлыг ЭЗЭН сонсдог. Бид юу юм бэ? Та нарын гомдол бол бидний эсрэг биш, харин ЭЗЭНий эсрэг юм гэв.
9 Мосе Ааронд
-Израилийн хөвгүүдийн бүх чуулганд "ЭЗЭНий өмнө ойртон ир. Учир нь Тэр та нарын гомдлыг сонссон" гэж хэл гэв.
10 Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.
11 ЭЗЭН Мосед
12 -Израилийн хөвгүүдийн гомдлыг Би сонссон. Тэдэнд "Үдшийн бүрийгээр та нар мах идэж, өглөө талхаар цадах болно. Би бол та нарын Бурхан ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно" гэж хэл гэв.
13 Орой болоход бөднө шувууд нисэж ирээд, хуаранг бүрхэв. Өглөө нь хуарангийн эргэн тойронд шүүдэр буусан байв.
14 Шүүдэр арилахад цөлийн гадаргуу дээр жижиг, бөөрөнхий хяруу шиг жижигхэн зүйл газар дээр байв.
15 Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биеэсээ
-Энэ юу вэ? гэж асууцгаав. Мосе тэдэнд
-Энэ бол ЭЗЭНий та нарт идүүлэхээр өгсөн талх юм.
16 ЭЗЭН "Хүн бүр идэх хэмжээгээрээ үүнээс цуглуул. Майхандаа байгаа хүний тоогоор, нэг хүнд нэг омер байхаар авагтун" гэж тушаасан гэв.
17 Израилийн хөвгүүд тийнхүү үйлдэв. Харин зарим нь их, зарим нь бага хураав.
18 Тэд түүнийгээ омероор хэмжихэд, их хураасан нь илүү гарсангүй, бага хураасан нь дутсангүй. Хүн бүр идэх хэмжээгээрээ хураажээ.
19 Мосе тэдэнд
-Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэлсэн.
20 Гэвч тэд Мосег сонссонгүй. Зарим нь үүнээс хэсгийг өглөө хүртэл хадгалсанд тэр нь өтөөр дүүрч өмхийрсөн. Мосе тэдэнд уурлав.
21 Тэд өглөө бүр, хүн бүр идэх хэмжээгээрээ түүнийг хураадаг байв. Харин нар дээшлэн халуу шатахад, тэр нь хайлдаг байв.
22 Зургаа дахь өдөр тэд хоёр дахин их хоол буюу хүн бүр хоёр омерийг хураав. Чуулганы бүх удирдагч ирж, Мосед мэдүүлэхэд
23 тэр тэдэнд
-ЭЗЭН ингэж айлдсан. "Маргааш амралтын өдөр, ЭЗЭНий ариун амралтын өдөр. Та нар жигнэхээ жигнэж, чанахаа чана! Үлдсэн бүхнийг өглөө хүртэл хадгал" гэж хэлэв.
24 Тэд Мосегийн зааварласан ёсоор үүнийг өглөө болтол хадгалсанд, тэр нь өмхийрч өтсөнгүй.
25 Мосе
-Өнөөдөр үүнийг ид. Учир нь өнөөдөр бол ЭЗЭНий ариун өдөр. Өнөөдөр та нар түүнийг газраас олохгүй.
26 Зургаан өдөр та нар түүнийг хураа. Харин долоо дахь өдөр нь амралтын өдөр тул юу ч байхгүй гэв.
27 Ард түмнээс зарим нь долоо дахь өдөр хурааж авахаар гарсан боловч тэд юу ч олсонгүй.
28 ЭЗЭН Мосед
-Хэдий хүртэл та нар Миний хууль, Миний тогтоолуудыг сахихаас татгалзах юм бэ?
29 Хар. ЭЗЭН та нарт амралтын өдрийг өгсөн. Тийм учраас зургаа дахь өдөрт Тэр та нарт хоёр өдрийн талхыг өгдөг. Хүн бүр байрандаа байж, хэн ч долоо дахь өдөр өөрийн байрнаас бүү гар гэв.
30 Тиймээс ард түмэн долоо дахь өдөр амрав.
31 Израилийн гэрийнхэн түүнийг манна гэж нэрлэжээ. Тэр нь кориандрын үр мэт цагаан бөгөөд амт нь зөгийн балтай боов мэт байв.
32 Мосе
-ЭЗЭН ингэж тушаасан. "Үүнээс нэг бүтэн омерийг авч, үе уламжлан хадгал. Ингэснээр Би та нарыг Египетийн нутгаас гаргаж, цөлд та нарыг тэжээж байсан талхыг тэд харах юм" гэв.
33 Мосе Ааронд
-Ваар авч, дотор нь нэг бүтэн омер манна хий. Түүнийг ЭЗЭНий өмнө тавьж, үе уламжлан хадгал гэв.
34 ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Аарон Гэрчлэлийн өмнө түүнийг тавьж хадгалав.
35 Израилийн хөвгүүд хүн оршин суудаг газар очих хүртэл дөчин жил манна иджээ. Канаан нутгийн хязгаарт очих хүртэл тэд маннаг идсэн билээ.
36 (Нэг омер нь ефагийн аравны нэг юм.)



[Өмнөх]                [Дараах]



Египетээс Гарсан Нь [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36][37][38][39][40]