1 Иудагийн бүх ард түмэн арван зургаан настай байсан Уззиаг эцэг Амазиагийнх нь оронд хаанаар өргөмжилжээ.
2 Тэрээр хааныг эцэг өвгөдийнхөө хамт нойрссоны дараа Елотыг босгон, Иудад нэгтгэв.
3 Уззиа хаан болохдоо арван зургаан настай байсан бөгөөд Иерусалимд тавин хоёр жил хаанчилжээ. Түүний эхийг Иерусалимын хүн Иехилиа гэдэг байв.
4 Тэр өөрийн эцэг Амазиагийн хийсэн бүгдийг дуурайн ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв.
5 Бурханы үзэгдлээр дамжуулан ухаарал авсан Зехариагийн өдрүүдэд тэрээр Бурханыг эрэлхийлсээр байв. Тэрээр ЭЗЭНийг эрэлхийлэх тусам Бурхан түүнийг амжилттай байлгав.
6 Тэр явж, филистчүүдийн эсрэг дайн хийж, Гатын хэрэм, Иабнегийн хэрэм, Ашдодын хэрмийг нураав. Тэрээр Ашдодын нутагт болон филистчүүдийн дунд хотууд барьж босгов.
7 Бурхан түүнд филистчүүдийн эсрэг, Гур-баалд амьдарч байсан арабуудын эсрэг, мөн меуничүүдийн эсрэг дайтахад туслав.
8 Бас аммончууд Уззиад алба гувчуур барьж, тэрээр маш хүчтэй болсон тул түүний нэр алдар Египетийн хил хязгаарт ч хүрэв.
9 Үүнээс гадна, Уззиа Иерусалимд Булангийн Дааман хаалга, Хөндийн Дааман хаалга болон булангийн тулгуур багана дээр цамхгуудыг барьж, бэхлэв.
10 Тэрээр цөлд цамхгууд босгож, чулуу ухаж олон нөөцлүүр хийв. Учир нь нам дор газарт ч, тал газарт ч түүнд мал сүрэг асар их байв. Тэрээр газар хөрсөнд хайртай байсан учраас уулархаг нутаг болон үржил шимтэй талбайнуудад тариачид, усан үзэмчдийг байлгав.
11 Үүнээс гадна, Уззиад дайтахад бэлэн цэрэг байсан бөгөөд тэд гүүш Иеиел, түшмэл Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ хааны түшмэдийн нэг болох Хананиагийн удирдлага дор тулаанд гардаг байв.
12 Гэр бүлүүдийн тэргүүлэгчид болох эрэлхэг дайчид нийтдээ хоёр мянга зургаан зуун хүн байлаа.
13 Тэдний удирдлага дор гурван зуун долоон мянга таван зуун хүний бүрэлдэхүүнтэй шилдэг цэрэг байв. Тэд хааныг дэмжиж, дайсны эсрэг маш хүчирхэг, тулалдах чадвартай байв.
14 Үүнээс гадна, Уззиа бүх цэрэгтээ зориулан бамбай, жад, дуулга, хуяг, нум сум болон чулуу дүүгүүрдэх хэрэгслүүдийг бэлдэж өгсөн билээ.
15 Тэрээр Иерусалимд уран дархчуудын зохион бүтээсэн дайтах хэрэгслүүдийг хийжээ. Тэдгээр нь сум болон том чулуу харвуулах зорилгоор цамхгууд, бэхлэлтийн булангууд дээр тавив. Ингээд түүний нэр алдар алс хол түгэж, тэрээр хүчирхэг болтлоо асар ихээр тэтгүүлж байлаа.
16 Гэвч хүчирхэг болмогц зүрх сэтгэл нь ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНд итгэлгүй хандав. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.
17 Түүний араас тахилч Азариа болон түүнтэй хамт зоригт эрс болох ЭЗЭНий наян тахилч орсон билээ.
18 Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд
-Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага уугиулахаар ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи итгэлгүй бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй гэв.
19 Харин Уззиа утлага уугиулах бойпорыг гартаа барин, уурлан хилэгнэжээ. Түүнийг тахилч нарт уурлан хилэгнэж байх үед духан дээр нь уяман өвчин гарчээ. Энэ нь тахилч нарын өмнө ЭЗЭНий өргөөнд, утлага уугиулдаг тахилын ширээний хажууд болсон билээ.
20 Ахлах тахилч Азариа болон бүх тахилч нар түүн уруу хартал духан дээр нь уяман өвчин байв. Тэд түүнийг тэндээс түргэхэн гаргав. ЭЗЭН түүнийг цохисон учраас Уззиа өөрөө ч гарах гэж яаравчлав.
21 Уззиа хаан үхэх өдрөө хүртэл уяман өвчтэй байв. Тэрээр ЭЗЭНий өргөөнөөс таслагдсан тул уяман өвчинтэйгөөр тустай гэрт амьдарч байв. Түүний хүү Иотам хааны гэрийг захиран, улс орныхоо хүмүүсийг шүүв.
22 Уззиагийн бусад үйлсийг эхнээс нь дуустал Амозын хүү эш үзүүлэгч Исаиа бичсэн билээ.
23 Ингээд Уззиа эцэг өвгөдийнхөө хамт нойрссонд, тэд түүнийг хаадад харьяалагдах булшны талбайд эцэг өвгөдийнх нь хамт оршуулжээ. Ингэхдээ тэд
-Тэр бол уяман өвчтэй гэжээ. Түүний хүү Иотам түүний оронд хаан болов.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]