1 Соломон ЭЗЭНий өргөө болон өөрийн гэрийг барьсан хорин жилийн төгсгөлд
2 Хурамын өөрт нь өгсөн хотуудыг тэрээр барьж босгон, Израилийн хөвгүүдийг тэнд суурьшуулав.
3 Дараа нь Соломон Хамат-зоба уруу явж, түүнийг эзлэв.
4 Тэр Тадморыг цөлд босгож, Хаматад бүх нөөц хангамжийн хотуудыг барив.
5 Тэрээр бас дээд, доод Бет-хорон болон хана, хэрэм, түгжээ бүхий бэхлэгдсэн хотуудыг босгов.
6 Баалатыг, Соломонд харьяалагддаг бүх нөөц хангамжийн хотуудыг, тэрэгтэнгүүд болон морьтонгуудын хотуудыг, мөн Иерусалимд ч, Ливанд ч, өөрт нь захирагдах бүх нутагт байгуулахаар Соломоны таалалд нийцсэн бүгдийг барьж босголоо.
7 Израилийнх бус буюу хитчүүд, аморичууд, перезчүүд, хивичүүд, иебусчуудаас үлдсэн бүх хүмүүс
8 тухайлбал, Израилийн хөвгүүдийн устгалгүй тэр нутагт үлдээсэн хүмүүсийн үр садыг Соломон энэ өдрийг хүртэл албадлагын ажилчид болгожээ.
9 Харин Соломон Израилийн хөвгүүдээс өөрийн ажилдаа боол болгоогүй. Тэд дайчид, түүний тэргүүн ахмадууд, түүний тэрэг, морьтонгуудын жанжид байжээ.
10 Эдгээр нь Соломон хааны хоёр зуун тавин түшмэл байв. Тэд ард түмнийг захирдаг байлаа.
11 Дараа нь Соломон Давидын хотоос Фараоны охиныг өөрт нь зориулан босгосон гэрт авчрав. Учир нь Соломон "Миний эхнэр Израилийн хаан Давидын гэрт заларч болохгүй. Яагаад гэвэл ЭЗЭНий авдар орсон газар бол ариун газар юм" хэмээв.
12 Үүдний танхимийн урд талд өөрөө босгосон ЭЗЭНий тахилын ширээн дээр Соломон ЭЗЭНд зориулан шатаалт тахилуудыг өргөжээ.
13 Үүнийг өдөр тутмын журмын дагуу, Мосегийн хуулийн дагуу амралтын өдрүүд, шинэ сар болон жил бүрийн гурван баяр болох Исгээгүй Талхны Баяр, Долоо хоногуудын Баяр, Майхан Баяруудын үед тахилуудыг өргөдөг байлаа.
14 Давид эцгийнхээ тогтоосон журмын дагуу тэрээр үйлчлэлд нь тааруулан тахилч нарын бүлгүүдийг, мөн магтаалын үүрэг болон өдөр тутмын журмын дагуу тахилч нарт туслах зэрэгт левичүүдийг, мөн хаалгачдыг бүлгүүдээр нь хаалга бүр дээр томилов. Учир нь Бурханы хүн Давид ийн тушаасан юм.
15 Левичүүд, тахилч нарт хандсан агуулахуудын талаарх болон бусад хэргийн талаарх хааны уг тушаалыг тэд зөрчсөнгүй.
16 Ийнхүү ЭЗЭНий өргөөний суурийг тавьсан өдрөөс эхлээд барилгын ажил дуустал Соломоны бүх ажил явагдсаар байв. Ингэж ЭЗЭНий өргөө баригдаж дуусав.
17 Дараа нь Соломон Езион-гебер болон Едомын нутаг дахь тэнгисийн эргийн Елот уруу явав.
18 Хурам зарц нараараа дамжуулан хөлөг онгоцнууд болон далай сайн мэддэг зарц нараа Соломонд явуулав. Тэд Соломоны зарц нарын хамт Офир уруу явж, тэндээс дөрвөн зуун тавин талант алтыг авч, Соломон хаанд авчирсан юм.
[Өмнөх] |                  | [Дараах] |
Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]