Шастирын Дэд [32]

1 Эдгээр итгэлт үйлсийн дараа Ассирийн хаан Сеннахериб ирж, Иудаг довтлон, бэхлэгдсэн хотуудыг бүслэн авч, тэдгээрийг өөртөө эзлэн авахаар санажээ.
2 Сеннахериб ирснийг, мөн Иерусалимд дайтахаар төлөвлөж байгааг нь Хезекиа хараад,
3 өөрийн түшмэд болон дайчидтайгаа хамтран хотын гадна байдаг булгуудаас усыг таслахаар шийдсэнд, тэд түүнд туслав.
4 Ингээд олон хүн цугларан, дүүргээр урсдаг бүх булаг, сувгуудыг хааж,
-Яагаад Ассирийн хаан ирж, энэ их усыг олж эзэмших ёстой юм бэ? гэцгээв.
5 Тэрээр урам авч, нурсан байсан бүх хэрмийг сэргээн босгож, дээр нь цамхгуудыг байрлуулаад, өөр гаднах ханыг барьж, Давидын хот дахь Миллог батжуулан, их хэмжээний зэвсэг, бамбайнуудыг хийв.
6 Тэрээр ард түмнийг захирах цэргийн дарга нарыг томилоод, хотын дааман хаалган дээрх талбайд өөр уруугаа цуглуулаад, тэднийг урамшуулан ярихдаа
7 -Тууштай бөгөөд зоригтой байгтун. Ассирийн хаанаас, түүнтэй хамт байгаа энэ бүх түмнүүдээс бүү эмээ, бүү зүрх алдагтун. Учир нь бидэнтэй хамт байгаа Нэгэн нь түүнтэй хамт байгаа нэгнээс агуу юм.
8 Түүнтэй хамт зөвхөн махан гар, харин бидэнтэй хамт бидэнд туслах болон тулалдаанд минь байлдах бидний Бурхан ЭЗЭН байна гэв. Тэгээд ард түмэн Иудагийн хаан Хезекиагийн үгэнд найджээ.
9 Үүний дараа Ассирийн хаан Сеннахериб Лахиш хотыг бүх цэргийн хүчээрээ бүслэн байх үедээ Иерусалим уруу өөрийн зарц нарыг Иудагийн хаан Хезекиа болон Иерусалимд байсан бүх иудачуудын эсрэг илгээж,
10 -Ассирийн хаан Сеннахериб ийн хэлж байна. "Та нар юунд итгэж, бүслэгдсэн Иерусалимд үлдэнэ вэ?
11 Өөрсдийгөө өлсгөж, цангаан үхэлд хүргээсэй гэж "Бидний Бурхан ЭЗЭН биднийг Ассирийн хааны гараас аварна" хэмээн Хезекиа та нарыг төөрөгдүүлж байгаа бус уу?
12 Өнөөх Хезекиа чинь Түүний мөргөлийн өндөрлөгүүд болон тахилын ширээнүүдийг зайлуулаад, Иуда, Иерусалимд хандан "Та нар нэг тахилын ширээний өмнө мөргөж, түүн дээр л утлага уугиулах болой" гэсэн юм биш үү?
13 Би болоод миний эцэг өвгөд газар нутгийн бүх ард түмнүүдэд юу хийснийг та нар мэдэхгүй гэж үү? Тэрхүү газар нутгуудын үндэстнүүдийн бурхад миний гараас өөрийн газар нутгаа аварч чадах байсан уу?
14 Миний эцэг өвгөдийн бүрмөсөн устгасан тэдгээр үндэстнүүдийн бүх бурхдын дотроос өөрийн ард түмнээ миний гараас аварч чадах хэн байсан бэ? Тэгэхэд та нарын Бурхан та нарыг миний гараас аварч чадна гэж үү?
15 Тиймээс одоо, Хезекиад ингэж бүү мэхлэгд, бүү төөрөгд, мөн түүнд бүү итгэ. Учир нь ямар ч үндэстэн, хаанчлалын ямар ч бурхан өөрийн ард түмнээ миний гараас, эсвэл миний эцэг өвгөдийн гараас аварч чадсангүй. Тэгвэл та нарын Бурхан та нарыг миний гараас яаж аврах юм бол?" хэмээв гэж хэлүүлжээ.
16 Түүний зарц нар ЭЗЭН Бурханы эсрэг болон Түүний зарц Хезекиагийн эсрэг цаашлан ярьцгаав.
17 Тэр мөн Израилийн Бурхан ЭЗЭНийг доромжлохоор "Газар нутгуудын үндэстнүүдийн бурхад өөрсдийн ард түмнээ миний гараас аварч чадаагүй шиг, Хезекиагийн Бурхан ч гэсэн Өөрийн ард түмнийг миний гараас аварч чадахгүй" гэж Түүний эсрэг ярихаар захидлуудыг бичив.
18 Тэд хэрэм дээр байсан Иерусалимын хүмүүсийг айлган сүрдүүлэх гэж тэдэн уруу үүнийгээ иуда хэлээр чанга дуугаар хашхирав. Ингэснээр тэд хотыг авах санаатай байв.
19 Тэд Иерусалимын Бурханы тухай хүний гарын бүтээл болох дэлхийн ард түмнүүдийн бурхдын тухай ярьж байгаа юм шиг ярилаа.
20 Харин Хезекиа хаан болон Амозын хүү эш үзүүлэгч Исаиа үүний талаар залбиран, тэнгэр өөд хашхирцгаав.
21 ЭЗЭН тэнгэр элчээ илгээн, Ассирийн хааны хуаранд бүх хүчит дайчид, жанжнууд, түшмэдийг алуулжээ. Ингээд тэрээр ичгүүртэйгээр өөрийн нутаг уруугаа буцав. Тэр өөрийн бурхны сүмд орох үед өөрийнх нь хүүхдүүдийн зарим нь түүнийг тэнд нь илдээр алжээ.
22 ЭЗЭН Хезекиаг болон Иерусалимын оршин суугчдыг Ассирийн хаан Сеннахерибын гараас, мөн бусад бүхний гараас аварч, тэднийг тал бүрд нь удирджээ.
23 Олон хүмүүс Иерусалимд ирж, ЭЗЭНд бэлэг сэлт өргөн, Иудагийн хаан Хезекиад шилмэл бэлгүүдийг өргөжээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.
24 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болжээ. Тэрээр ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН түүнд айлдаж, тэмдэг өгөв.
25 Харин Хезекиа хүлээж авсан ашгаасаа буцааж өгсөнгүй. Учир нь түүний зүрх бардам болжээ. Иймээс уур хилэн түүний дээр болон Иуда, Иерусалимын дээр буув.
26 Харин Хезекиа болон Иерусалимын оршин суугчид зүрхнийхээ бардамналыг номхруулсан учраас ЭЗЭНий уур хилэн тэдний дээр Хезекиагийн өдрүүдэд буусангүй.
27 Хезекиад үлэмж их баялаг, нэр хүнд байв. Тэр өөртөө зориулан мөнгө, алт, үнэт чулуу, амтлагч, бамбай болон бүх төрлийн үнэт хэрэглэлийн эрдэнэсийн сангуудыг,
28 мөн үр тарианы бүтээгдэхүүн, дарс, тосны агуулахуудыг байгуулж, мөн бүх төрлийн үхрийн хороо, хонины хашаануудыг барьжээ.
29 Тэр өөртөө зориулан хотууд байгуулж, хонь, үхэр сүргийг үй түмээр нь эзэмшжээ. Учир нь Бурхан түүнд асар их баялгийг өгсөн билээ.
30 Гихоны усны дээд урсгалыг зогсоож, Давидын хотын баруун тал уруу урсгасан хүн нь Хезекиа байв. Хезекиа хийсэн бүгддээ амжилт олжээ.
31 Уг газарт болсон гайхамшгийн талаар асуухаар түүн уруу илгээгдсэн Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэгт л Хезекиагийн зүрх сэтгэлд байсан бүхнийг мэдэж, түүнийг зөвхөн сорихын тулд Бурхан түүнийг ганцааранг нь орхисон юм.
32 Хезекиагийн бусад үйлс, түүний итгэлийн үйлдлүүд, харагтун, тэдгээр нь Амозын хүү эш үзүүлэгч Исаиагийн үзэгдэлд, Израиль ба Иудагийн Хаадын Номд бичигдсэн билээ.
33 Ингээд Хезекиа эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, тэд түүнийг Давидын хөвгүүдийн булшны дээд хэсэгт оршуулав. Бүх Иуда болон Иерусалимын оршин суугчид түүнийг үхэхэд нь хүндэтгэв. Түүний хүү Манассе түүний оронд хаан болов.



[Өмнөх]                [Дараах]

Шастирын Дэд [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24][25][26][27][28][29][30][31][32][33][34][35][36]