Естер [1]

1 Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов.
2 Хаан Ахашверошийн нийслэл Суса дахь өөрийн хаан суудалдаа залрах тэр өдрүүдэд буюу
3 хаанчлалынхаа гурав дахь жилд тэрээр өөрийн бүх ноён, бараа бологчид, Персийн болон Медийн цэргийн дарга нар, язгууртнууд өөрийнх нь мужуудыг захирах ноёдыг өөрийнхөө өмнө байлган найр хийв.
4 Тэгээд тэрээр хааны яруу алдрынхаа баян чинээлгийг болон өөрийн агуу цог жавхлангийнхаа сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав.
5 Эдгээр өдрүүдийг дуусахад хаан нийслэл Суса хотод байсан ихэс дээдсээс хамгийн дордод нь хүртэл бүх хүнд зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв.
6 Тэнд нил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинуудтай болон гантиган баганануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алт, мөнгөөр хийсэн буйдангууд байлаа.
7 Янз бүрийн төрлийн алтан саванд уух юмаар үйлчилж байсан бөгөөд хааны элбэг дэлбэгийн дагуу хааны дарс элбэг хүрэлцэхүйц байв.
8 Уух нь хуулийн дагуу байсан бөгөөд хэн ч албадахгүй байв. Учир нь хүн нэг бүр өөрийнхөө хүслийн дагуу байж болно хэмээн хаан ордныхоо түшмэдэд тушаал буулгасан аж.
9 Хатан Вашти мөн хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.
10 Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав.
11 Хатан Ваштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ.
12 Гэвч хатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв.
13 Тэгээд хаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв.
14 Перс болон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.)
—15 Тайгануудаар дамжуулсан хаан Ахашверошийн тушаалыг дагаагүй хатан Ваштиг хуулийн дагуу хэрхэх ёстой вэ? хэмээсэнд,
16 хаан болон ноёдын өмнө Мемукан ийн өгүүлэв.
—Хатан Вашти зөвхөн хааны өмнө бурууг үйлдээд зогсоогүй, мөн хаан Ахашверошийн бүх муж дахь ноёд болон бүх ард түмний өмнө бурууг үйлдэв.
17 Учир нь хатны үйлдэл нь бүх эмэгтэйчүүдэд мэдэгдэхэд энэ нь тэднийг "Хаан Ахашверош хатан Ваштиг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр ирээгүй" гэж хэлэн нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно.
18 Энэ өдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн ийм байдлаар хааны бүх ноёдтой ярих бөгөөд жигшил зэвүүцэл болон уур хилэн их болох болно.
19 Хэрэв хаан үүнийг таалбал зарлиг гаргаг! Мөн энэ нь хүчингүй болгуулахгүйн тулд Вашти нь хаан Ахашверошийн өмнө цаашид ирэх ёсгүйг Перс болон Медийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд нь өгөг!
20 Тэгээд хааны гаргах зарлиг нь түүний бүх агуу хаант улс даяар тунхаглагдахад бүх эмэгтэйчүүд нөхрүүдээ, их ч, бага ч хүндлэх болно.
21 Энэ үг хаан болон түүний ноёдын таалалд нийцэж, Мемуканы санал болгосончлон хаан үйлдэв.
22 Тэгээд тэр хааны бүх мужид, тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийн нь хэлээр зарлиг буулган, эр хүн бүр өөрийн гэртээ эзэн байж, өөрийн ард түмнийхээ хэлээр ярьдаг байх ёстой хэмээсэн захидлуудыг илгээв.



[Өмнөх]                [Дараах]


Естер [1][2][3][4][5][6][7][8][9][10]