1 Мордехаи болсон бүх зүйлийг мэдээд, хувцсаа уран, таар углаж, үнсэн дээр хэвтэн, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.
2 Тэрээр хааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв.
3 Хааны тушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, таар углаж, үнсэн дээр хэвтэв.
4 Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй.
5 Тэгэхэд Естер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав.
6 Тэгээд Хатах хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу Мордехаи дээр очив.
7 Мордехаи өөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв.
8 Мордехаи мөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерт үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.
9 Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерт хэлэв.
10 Тэгэхэд Естер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав.
—11 Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд би эдгээр гучин хоногийн турш хаан дээр очихоор дуудагдаагүй байна.
12 Тэд Естерийн үгийг Мордехаид хэлэв.
13 Мордехаи Естерт ингэж хариул гэж тэдэнд хэлэв.
—Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана.
14 Учир нь хэрэв чи энэ үед чимээгүй байвал иудейчүүд өөр газраас аврал болоод тусламж олж болох ч, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чиний хааны эрх дарханд хүрсэн нь энэ цагийн төлөө ч юм билүү, хэн мэдэх вэ?
15 Тэгэхэд Естер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв.
—16 Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүу ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.
17 Тэгээд Мордехаи явж Естерийн өөрт нь тушаасанчлан үйлдэв.
[Өмнөх] |                  | [Дараах] |