1 Тэгээд хаан болон Хаман Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв.
2 Хоёр дахь өдөр нь найран дээр тэд дарсаа ууж байхдаа хаан Естерт
-Хатан Естер, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна? Хаант улсын тал ч байсан, түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.
3 Тэгэхэд хатан Естер ийн хариулав.
-Хаантан минь, хэрэв би таны тааллыг олсон бол, хэрэв үүнийг хаан таалбал, гуйлтын минь дагуу миний амийг надад өгөөч, хүсэлтийн минь дагуу миний ард түмнийг надад өгөөч!
4 Учир нь бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан.
5 Тэгэхэд Ахашверош хаан Естер хатнаас
-Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув.
6 Естер
-Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв.
7 Тэгэхэд хаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.
8 Тэгээд хаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд Хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан
-Миний ордонд, тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд тэд Хаманы нүүрийг бүтээв.
9 Тэгэхэд хааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона
-Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан
-Түүн дээр түүнийг дүүжил! гэв.
10 Тийн тэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.
[Өмнөх] |                  | [Дараах] |