Иошуа [24]

1 Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгуудыг цуглуулан, Израилийн настангууд, тэргүүлэгчид, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирэв.
2 Иошуа бүх ард түмэнд хэлсэн нь
-Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. "Эрт дээр үед та нарын өвөг дээдэс, тухайлбал Абрахам болон Нахорын эцэг Тера Евфрат мөрний цаана амьдарч, өөр бурхдад мөргөж байв.
3 Тэгэхэд Би танай өвөг Абрахамыг Евфрат мөрний чанадаас авч, Канааны бүх нутгаар дамжуулан газарчлан хөтөлж, түүний үр удмыг олшруулж, Би түүнд Исаакийг өгсөн.
4 Исаакт Би Иаков болон Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Харин Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ.
5 Дараа нь Би Мосе, Аарон хоёрыг илгээсэн бөгөөд Өөрийн хийсэн зүйлсүүдээр Египетэд гамшгийг учруулсан. Үүний дараа Би та нарыг тэндээс гаргасан.
6 Би танай өвөг дээдсийг Египетээс гаргасан ба та нар далай дээр ирсэн бөгөөд египетчүүд та нарын өвөг эцгүүдийг Улаан тэнгис хүртэл хөсөг тэрэгнүүд болон морьтонгуудаар мөшгөн хөөв.
7 Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.
8 Дараа нь Би та нарыг Иорданы зүүнтэйд амьдардаг байсан аморичуудын нутагт аваачсан ба тэд та нартай дайтсан. Би тэднийг гарт чинь өгч, та нарын өмнө Би тэднийг устгахад нутгийг нь та нар эзэмшил болгон авсан билээ.
9 Тэгтэл Зиппорын хүү, Моабын хаан Балак босож, Израилийн эсрэг дайтсан бөгөөд та нарыг хараалгахаар Беорын хүү Балаамыг дуудан явуулсан юм.
10 Гэвч Би Балаамыг сонсохыг хүсээгүй. Тиймээс тэр та нарыг ерөөх болсон ба Би та нарыг түүний гараас аварсан.
11 Та нар Иорданыг гаталж, Иериход ирсэн. Иерихогийн иргэд болон аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан билээ. Тийнхүү Би тэднийг гарт чинь өгөв.
12 Би та нарын өмнө хорт зөгийг илгээсэн ба тэр нь аморичуудын хоёр хааныг та нарын өмнөөс хөөн гаргасан юм. Харин та нар үүнийг өөрсдийн сэлэм буюу нумаараа үйлдээгүй юм.
13 Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ" гэв.
14 Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил.
15 Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.
16 Ард олон хариулан хэлсэн нь
-Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг.
17 Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ.
18 Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.
19 Тэгэхэд Иошуа ард олонд хэлсэн нь
-Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Учир нь Тэр бол ариун Бурхан. Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэм буруу болон нүглийг уучлахгүй билээ.
20 Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, та нарт сайныг хийсэн Тэр нүүр буруулан, та нарт гамшиг авчирч, та нарыг залгих болно гэв.
21 Ард олон Иошуад
-Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд
22 Иошуа ард олонд
-Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд
-Бид гэрч нар мөн гэлээ.
23 -Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв.
24 Ард олон Иошуад
-Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ.
25 Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв.
26 Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.
27 Иошуа бүх ард олонд
-Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв.
28 Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.
29 Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв.
30 Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байх өөрийнх нь өвийн нутаг болох Тимнат-серад нутаглуулав.
31 Израиль Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд болон Иошуагаас хойш амьд байсан ба Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан настангуудын амьдралын бүх өдрүүдэд ЭЗЭНд үйлчлэв.
32 Египетээс Израилийн хөвгүүдийн авчирсан Иосефын ясыг тэд Шехемийн эцэг Емморын хөвгүүдээс зуун мөнгөн зоосоор Иаковын худалдаж авсан газар буюу Шехемд оршуулж, тэр газар Иосефын хөвгүүдийн өв болов.
33 Мөн Аароны хүү Елеазар нас барсан ба тэд түүнийг түүний хүү Финехаст нь Ефраимын уулархаг нутагт хуваарилагдсан Гибеагийн толгодод нутаглуулав.



[Өмнөх]                [Дараах]

Иошуа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]