Иошуа [9]

1 Иорданы чанад, уулархаг нутаг болон нам дор газарт ба Ливаны зүг дэх Их Тэнгисийн бүх эргийн дагуух хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд хивичүүд, иебусчуудын бүх хаад үүнийг сонсоод,
2 Иошуа болон Израилийн эсрэг дайтахаар тэд хамтдаа цуглаж үгсэн нийлэв.
3 Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод,
4 заль зохион, элч нарыг илгээхдээ элэгдэж хуучирсан уут шуудай болон язарч урагдсан, нөхөн торгоосон, хуучирсан дарсны хөхүүр зэргийг илжгэн дээрээ ачиж,
5 хөлдөө хуучирсан шаахай, биедээ хуучирсан хувцас өмсөв. Тэдний хоол хүнс болох талх нь хатаж, үйрсэн байлаа.
6 Тэд Гилгал дахь хуаран уруу Иошуа дээр очиж, түүнд болон израильчуудад
-Бид алс холын нутгаас ирсэн. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч гэв.
7 -Та нар манай газар нутагт амьдардаг байж магадгүй. Тэгвэл бид та нартай хэрхэн хэлцэл хийх вэ? гэж израильчууд хивичүүдэд хэлэв.
8 Харин тэд Иошуад
-Бид таны боолууд билээ гэхэд Иошуа
-Та нар хэн болоод хаанаас ирсэн юм бэ? гэв.
9 Тэд түүнд
-Таны Бурхан ЭЗЭНий нэр алдрын улмаас таны зарц нар болох бид алс холын нутгаас ирлээ. Учир нь бид Түүний тухай мэдээг болон Түүний Египетэд хийсэн бүхнийг сонсов.
10 Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон болон Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.
11 Тиймээс манай ахлагчид болон манай нутгийн бүх оршин суугчид бидэнд захин "Замын хүнсээ авч яван, тэдэнтэй уулзаж "Бид таны боолууд билээ. Тиймд одоо бидэнтэй хэлцэл хийгээч" хэмээн гуй" гэсэн юм.
12 Та нарыг зорин гарсан тэр өдөр энэ талхыг бид хүнс болгон гэрүүдээсээ авахад тэр нь бүлээн байсан. Харин одоо харагтун, энэ нь хатаж үйрчээ.
13 Мөн бидний дүүргэсэн энэ дарсны хөхүүрүүд шинэ байсан, харин одоо язарч урагдсан. Мөн бидний шаахай, хувцас хунар ч алс холын замд элэгдэн хуучрав гэлээ.
14 Тэгтэл израильчууд тэдний хүнснээс хэсгийг авч, ЭЗЭНий зөвлөгөөг асуусангүй.
15 Тэгээд Иошуа тэднийг амьд үлдээх энхийн гэрээг тэдэнтэй хийж, чуулганы удирдагчид тэдэнд тангараглав.
16 Тэдэнтэй гэрээ байгуулснаас хойш гурван хоногийн дараа тэд бол өөрсдийнх нь нутагт амьдарч буй хөрш үндэстэн болохыг нь израильчууд сонсов.
17 Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.
18 Чуулганы удирдагчид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан учир Израилийн хөвгүүд тэдэн уруу довтолсонгүй. Чуулган бүхэлдээ удирдагчдын эсрэг бувтнан байв.
19 Гэвч бүх удирдагчид хамаг чуулганд
-Бид Израилийн Бурхан ЭЗЭНээр тэдэнд тангарагласан бөгөөд одоо бид тэдэнд хүрч чадахгүй болсон.
20 Харин бидний хийх зүйл бол тэдэнд өргөсөн тангаргаас няцсанаас болж уур хилэн бидэн дээр буухгүйн тулд бид тэднийг амьд үлдээнэ гэв.
21 Удирдагчид тэдэнд
-Тэднийг амьд үлдээ гэсэн. Удирдагчдын тэдэнд хэлсний дагуу тэд хамаг чуулганы ус зөөгч ба мод түлээ бэлтгэгчид болов.
22 Ингээд Иошуа гибеончуудыг дуудан
-Та нар манай газар нутагт амьдардаг атлаа "Бид та нараас алс хол байдаг" хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ?
23 Иймийн тул одоо та нар хараагдсан бөгөөд миний Бурханы гэрт түлээ бэлтгэх, ус зөөж үйлчлэхийн аль алинаас хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэлээ.
24 Тэд Иошуад
-Энэ нутгийг бүхэлд нь та нарт өгч, уугуул нутгийнхныг нь та нарын өмнө устгахыг ЭЗЭН Бурхан тань Өөрийнхөө зарц Мосед хэрхэн тушаасныг бид тодорхой дуулсан учраас та нараас болж бид өөрсдийн амийн төлөө ихэд айсандаа үүнийг хийсэн юм.
25 Одоо харагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав.
26 Ийнхүү Иошуа тэднийг Израилийн хөвгүүдийн гараас аварч, израильчууд ч тэднийг алсангүй.
27 Харин тэр өдөр Иошуа гибеончуудыг чуулганы болон ЭЗЭНий сонгосон газар дахь Түүний тахилын ширээний түлээ бэлтгэгч болон ус зөөгч болгон энэ өдрийг хүртэл ажиллуулав.



[Өмнөх]                [Дараах]

Иошуа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]