Номлогчийн үгс [10]

1 Үхсэн ялаа тансаг үнэрт тосыг өмхийрүүлдгийн адил өчүүхэн тэнэглэл л мэргэн ухаан, алдар хүндийг давамгайлдаг.
2 Ухаант хүний зүрх эзнээ баруун тийш хөтөлдөг бол, харин тэнэгийн зүрх эзнээ зүүн тийш дагуулдаг.
3 Тэнэг хүн замаар ганцаараа явлаа ч гэсэн бүтэлгүйтдэг ба өөрийнх нь тэнэглэл хүн бүхэнд илэрхий байдаг.
4 Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой бурууг ч зайлуулдаг.
5 Захирагчаас үүдэлтэй алдаатай адил нэгэн ёрын зүйлийг би наран доор харсан нь
6 мулгуучууд олон өндөрлөгүүдэд залрахад баячууд шоовдорлогдох нь болой.
7 Морь унасан боолууд, газар дээр боол адил явган холхих язгууртныг ч би харлаа.
8 Нүх ухагч хүн түүндээ унаж ч магад. Хана нэвтлэгч нэгэн могойд хазуулж ч магад.
9 Чулуу бутлагч чулуундаа цохиулж, түлээ хагалагч түүнээсээ гэмтэж болох юм.
10 Хэрэв сүх нь мохоход ирийг нь хурцлахгүй бол, илүү хүч зарцуулах болно. Харин мэргэн ухаан амжилт авчрах бөлгөө.
11 Хэрэв могой ховсдохоосоо өмнө хаздаг бол ховсдох нь түүнд илүүц юм.
12 Ухаант мэргэдийн амнаас гарах үг нь ивээл, харин тэнэгийн уруул өөрийгөө хөнөөх аж.
13 Түүний ярианы эхлэл нь тэнэг байдаг бол төгсгөл нь балмад солиорол аж.
14 Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?
15 Тэнэг хүн хот уруу хэрхэн хүрэхийг ч мэддэггүй учраас түүний ажил өөрийг нь ядраах аж.
16 Хаан нь балчир, ноёд түшмэд нь өглөөжин найрладаг газар нутаг хөөрхийлөлтэй!
17 Хэрэв гүрний хаан нь ухаантнаас язгууртай, албат түшмэд нь зохистой цагт согтуурахын төлөө бус, харин хүч сэлбэхийн тулд иддэг газар нутаг ивээлтэй еэ.
18 Залхуугийн сууцны дээвэр хотойж, дусаал гоожих нь зайлшгүй.
19 Хүмүүс найр хуримаар баяр баясгалан хийж, дарсаар амьдралаа хөгжилтэй болгодог ч мөнгө бүхний хариу ажээ.
20 Бодолдоо хааныг бүү зүх, баян хүнийг унтлагын өрөөндөө ч бүү хараа. Учир нь тэнгэрийн шувууд тэдэнд үг зөөх нь бий бөгөөд далавчит бүтээл уг хэргийг задалж магад.



[Өмнөх]                [Дараах]



Номлогчийн үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]