1 Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ.
2 Өөрт оногдсоныг долоо юм уу найм хуваа. Учир нь энэ дэлхий дээр ямар гай гамшиг тохиолдохыг та мэдэхгүй шүү дээ.
3 Хэрэв үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Түүнчлэн мод өмнө ба хойд зүгт уналаа гэхэд унасан тэр газартаа үлдэж хоцормой.
4 Салхины аясыг харагч тариалж үл чадна, үүл харуулдагч нэгэн хурааж үл чадна.
5 Жирэмсэн эмэгтэйн хэвлийд яснууд хэрхэн бүрэлдэхийг болон салхины замыг чи үл мэдэхийн адил бүхнийг бүтээгч Бурханы үйлсийг чи тааж мэдэхгүй.
6 Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ.
7 Гэрэл нь тааламжтай бөгөөд нарыг харахад энэ нь нүдэнд таатай аж.
8 Үнэхээр хэрэв хүн олон жил амьдрах аваас бүхий л хугацаандаа хөгжилтэй байг. Мөн олон арваараа тохиолдох бараан өдрүүдийг ч бас бүү умартаг. Ингэвэл ирж буй бүхэн утга учиргүй болно.
9 Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрх сэтгэлээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.
10 Иймээс сэтгэлийн зовлон, биеийн шаналлаас зайлж явагтун. Учир нь хүүхэд нас, эрч хүч гэдэг чинь зуурдын юм.
[Өмнөх] |                  | [Дараах] |