Номлогчийн үгс [9]

1 Энэ бүхнийг би зүрхэндээ авч, шударга бөгөөд ухаантай хүмүүс, тэдний алив үйлс нь Бурханы гарт л байдгийг тайлбарлан хэлэх байна. Хүн өмнө нь байгаа хайр, үзэн ядалт хоёрыг үл ялгадаг ажээ.
2 Энэ нь бүгдэд адилхан байдаг. Шударга ба хилэнцэт, сайн, ариун ба бузарт, тахил өргөдөг ба тахил өргөдөггүй аль алинд нь нэг л хувь заяа байх аж. Сайн хүн ба нүгэлтэн, тангараг өргөгч ба тангараглахаас эмээгч нэгэнд ч бас өөрцгүй болой.
3 Наран доорх бүх юмсад буюу бүх хүнд нэг л хувь зохиол байдаг нь бузар юм. Хүмүүний хөвгүүдийн зүрх сэтгэл хорон муугаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ. Дараа нь тэд үхэл уруу одох ажээ.
4 Үхсэн арслангаас амьд нохой дээр байдаг нь гарцаагүй. Амьд байгсдын дунд байгаа хэнд ч гэсэн найдлага бий.
5 Амьд байгсад нь үхнэ гэдгээ мэддэг байтал, үхэгсэд юу ч мэддэггүй аж. Цаашдаа тэдэнд шагнал ч байхгүй. Учир нь тэдний нэр мартагдах болно.
6 Тэдний хайр, хорсол, атаа жөтөө хэдийн мөхөж, наран доор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бөлгөө.
7 Бурхан үйлсийг тань сайшааж байгаа бол яв, өөрийн талхыг хөгжилтэйгөөр ид, зүрхэндээ жаргалтайгаар дарсаа уу!
8 Цаг үргэлжид хувцас тань цагаан байг, толгой дээр чинь үргэлж тос байг.
9 Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралынхаа бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний хөдөлмөр болон амьдралд чинь чамд шагнал болно.
10 Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
11 Би наран доор дахин харсан зүйл бол хурдан гээд уралддаг юм биш, эрэлхэг хүн гээд ялалт ирдэг юм биш, мэргэд гээд талхтай байдаг юм биш, ухаантнууд гээд эд баялагтай байдаг юм биш, ур дүйтэй гээд чадвар заяадаг юм биш, харин цаг үе хийгээд боломж л тэр бүгдэд хамаатай ажээ.
12 Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.
13 Наран доор бас нэг мэргэн ухааныг би харсан бөгөөд энэ нь надад эрхэм санагдсан.
14 Цөөвтөр хүнтэй нэгэн жижиг хот уруу хүчирхэг хаан довтолж, бүслэн аваад их хориглолт барьжээ.
15 Гэтэл тэр хотод нэгэн мэргэн ядуу хүн олдож, мэргэн ухаанаараа хотыг аварсан боловч, тэр ядуу эрийг хэн ч дурссангүй.
16 "Мэргэн ухаан хүч чадлаас илүү" хэмээн би үзсэн боловч, ядуу хүний мэргэн ухаан үзэн ядагдаж, үг нь анхаарал эс татна.
17 Тэнэгүүдийн дунд хашхирах захирагчаас намуухан ярих мэргэдийн үгс илүү ажээ.
18 Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.



[Өмнөх]                [Дараах]



Номлогчийн үгс [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12]