Амос [1]

1 Текоагийн хоньчдын дунд байсан Амосын үгс. Эдгээрийг тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд болон Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаарх үзэгдлүүдэд үзжээ.
2 Тэр "ЭЗЭН Сионоос архирч байна.
Тэр Иерусалимаас Өөрийн дуу хоолойг илэрхийлж байна.
Хоньчдын бэлчээрүүд нь гашуудаж,
Кармелын орой нь хатжээ" гэсэн.

3 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Дамаскийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд хурц төмрөөр тариа цохихын адил
Гилеадыг цохисон юм.
4 Тэгэхээр Би Хазаелын гэр дээр гал илгээнэ.
Тэр гал нь Бен-хададын цайзуудыг түймэрдэх болно.
5 Би бас Дамаскийн дааман хаалганы хаалтыг эвдэж,
Авены хөндийгөөс оршин суугчдыг Бе-еденээс очирт таягийг барьсан хүнийг таслах болно.
Тиймээс Арамын ард түмэн Кир уруу цөлөгдөх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.

6 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Газын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаахаар хөөсөн.
7 Тэгэхээр би Газын ханан дээр гал илгээнэ.
Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно.
8 Би бас Ашдодоос оршин суугчдыг,
Ашкелоноос очирт таягийг барьсан хүнийг таслах болно.
Тэр ч байтугай Би Екроны дээр Өөрийн мутрыг дураар нь тавьж,
филистчүүдийн үлдэгсэд мөхөх болно" гэж Эзэн БУРХАН айлдаж байна.

9 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Тирийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд ахан дүүсийн барилдлагын гэрээг саналгүй,
бүхэл бүтэн хүн амыг Едомд тушаасан.
10 Тэгэхээр Би Тирийн ханан дээр гал илгээнэ.
Тэр гал нь түүний цайзуудыг түймэрдэх болно".

11 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Едомын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэр өөрийн өрөвдөх сэтгэлийг даран, ах дүүгээ илдтэйгээ мөрдсөн.
Түүний уур нь бас үргэлжлүүлэн тастсан.
Тэр үүрд хилэнтэй байсан.
12 Тэгэхээр Би Теман дээр гал илгээнэ.
Тэр гал нь Бозрагийн цайзуудыг түймэрдэх болно".

13 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Аммоны хөвгүүдийн гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд өөрсдийн хил хязгаараа өргөжүүлэхийн тулд
Гилеадын жирэмсэн эмэгтэйчүүдийг сийчсэн.
14 Тэгэхээр Би Раббагийн ханан дээр гал тавина.
Тэр гал нь тулааны өдөр дайны уухайн дунд,
ширүүн бороотой өдөр шуурган дунд түүний цайзуудыг түймэрдэх болно.
15 Тэдний хаан цөлөгдөх болно.
Жононгууд нь түүнтэй хамт явна" гэж ЭЗЭН айлдаж байна.



[Өмнөх]                [Дараах]



Амос [1][2][3][4][5][6][7][8][9]