Амос [5]

1 Израилийн гэр ээ, би та нарын төлөө гашуудлын дуу болгон өргөж буй энэ үгийг сонс.
2 Онгон Израиль нь унаад, дахин босохгүй.
Тэр өөрийн нутагтаа орхигдсон. Түүнийг өргөх хэн ч алга.
3 Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
"Израилийн гэрт мянган хүчтэнийг гаргаж байгаа хот нь зуун хүнтэй үлдэнэ.
Мөн зуун хүчтэнийг гаргаж байгаа хот нь арван хүнтэй л үлдэнэ".

4 Учир нь ЭЗЭН Израилийн гэрт ийнхүү айлдаж байна.
"Та нар амьдрахын тулд Намайг хай".
5 Харин Бетел уруу бүү ханд, Гилгал уруу бүү оч, Беершебаг бүү туулан яв.
Учир нь Гилгал заавал олзлогдон явж, Бетел сүйрэлд учрана".
6 Та нар амьдрахын тулд ЭЗЭНийг хай.
Эс тэгвэл Иосефын гэр ээ, Тэр гал мэт гарч, түймэрдэх болно.
Бетелд түүнийг унтраах юу ч алга.
7 Та нар бол шударга байдлыг агь болгож,
шударга ёсыг доош газар уруу хөөдөг хүмүүс юм".

8 Тэр Плеиадесыг, Орионыг бүтээж, гүн харанхуйг өглөөгөөр сольдог.
Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, далайн усыг дуудан
газрын гадаргуу дээр асгадаг. Түүний нэр бол ЭЗЭН.
9 Сүйрэл нь бэхлэлт дээр ирэхийн тулд хүчтэн дээр сүйрлийн хамт урагш цахилагч нь Тэр юм.

10 Дааман хаалган дээр зэмлэдэг хүнийг тэд үзэн яддаг,
шулуунаар ярьдаг хүнийг тэд зэвүүцдэг.
11 Тиймээс та нар ядуу хүнд татвар ногдуулж,
тэднээс тарианы алба гувчуур нэхсэн учраас та нар сайн зассан чулуун байшингууд барьсан ч гэсэн тэндээ амьдрахгүй.
Та нар тааламжит усан үзмийн төглүүдийг тарьсан ч гэсэн тэдний дарснаас нь уухгүй.
12 Учир нь та нарын гэм зөрчил нь их, нүгэл чинь үлэмж гэдгийг Би мэднэ.
Та нар зөв шударга хүнийг зовоож, хахууль авч,
дааман хаалган дээр ядуусыг шоовдорлодог.
13 Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг.
Учир нь энэ бол ёрын цаг.

14 Та нар амьдрахын тулд мууг биш, харин сайныг хай.
Та нарын хэлсэн ёсоор түмэн цэргийн ЭЗЭН Бурхан ийнхүү та нартай хамт байх болтугай.
15 Мууг үзэн яд, сайныг хайрла.
Дааман хаалган дээр шударга ёсыг тогтоо.
Тэгвэл түмэн цэргийн ЭЗЭН Бурхан Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магадгүй.

16 Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна.
"Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд "Аяа, аяа" гэж тэд хэлж байна.
Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.
17 Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна.
Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно" гэж ЭЗЭН айлдаж байна.

18 ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа.
ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ?
Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.
19 Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт,
эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.
20 ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү?
Түүгээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү?

21 "Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна.
Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.
22 Та нар Надад шатаалт тахилууд,
идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй.
Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.
23 Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул.
Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.
24 Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.
25 Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахилууд ба идээн өргөлүүдийг өргөн барьсан уу?
26 Та нар бас өөрсдөдөө зориулан хийсэн танай хаан Сиккут, өөрсдийн Кийун хөргүүд, өөрсдийн бурхдын одыг авч явсан.
27 Тэгэхлээр Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна" гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн Бурхан.



[Өмнөх]                [Дараах]



Амос [1][2][3][4][5][6][7][8][9]