1 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Моабын гурав, дөрвөн алдаа зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэрээр Едомын хааны яснуудыг үнс болтол шатаасан.
2 Тэгэхээр би Моабын дээр гал илгээнэ.
Тэр гал нь Кериотын цайзуудыг түймэрдэх болно.
Моаб нь бужигнаан дунд, дайны уухай болон бүрээн дуутай хамт мөхөх болно.
3 Би бас түүний дундаас шүүгчийг тастан,
түүнтэй хамт бүх жононгуудыг нь алах болно" гэж ЭЗЭН айлдаж байна.
4 ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
"Иудагийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд ЭЗЭНий хуулиас татгалзаж, Түүний тогтоолуудыг сахиагүй.
Тэдний худал нь тэднийг төөрүүлэн дагуулжээ.
Тэдний эцгүүд нь түүнийг дагаж байсан юм.
5 Тэгэхээр Би Иуда дээр гал илгээнэ.
Тэр гал нь Иерусалимын цайзуудыг түймэрдэх болно".
6 ЭЗЭН ингэж айлдаж байна.
"Израилийн гурав, дөрвөн гэм зөрчлийн шийтгэлийг Би болиулахгүй.
Учир нь тэд зөв шударгыг мөнгөөр, гачигдсан нэгнийг хос шаахайгаар худалдсан.
7 Үгээгүй нэгний толгой дээрх газрын тоосны араас тэмүүлдэг тэд мөн даруу нэгний замыг эргүүлдэг.
Миний ариун нэрийг бузарлахын тулд эр хүн ба эцэг нь нэг охиныг хэрэглэдэг.
8 Тахилын ширээ бүрийн дэргэд тэд барьцаа болгож авсан хувцаснууд дээр хэвтэж,
өөрсдийн Бурханы гэрт тэд торгуулагсдын дарсыг уудаг.
9 Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан.
Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөд
тэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан.
Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.
10 Египетийн нутгаас та нарыг авчирсан нь Би байсан.
Та нарыг аморичуудын нутгийг эзэмшүүлэхийн тулд дөчин жил Би та нарыг цөлд удирдсан.
11 Дараа нь Би та нарын зарим хөвгүүдийг эш үзүүлэгчид байхаар,
та нарын зарим залуусыг Назир хүмүүс байхаар өсгөсөн юм.
Израилийн хөвгүүд ээ, энэ нь тийм биш үү?" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
12 "Гэвч та нар Назир хүмүүст дарс уулгаж,
эш үзүүлэгчид "Та нар эш үзүүлж болохгүй" гэж тушаасан.
13 Харагтун, юүжилсэн тариагаар дүүрэн тэрэг газрыг дардаг шиг
Би та нарыг дарна.
14 Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж,
эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй.
Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
15 Нумыг атгах хүн ч байрандаа тогтохгүй,
хөл нь хурдан хүн ч зугтахгүй.
Морьтон ч өөрийн амийг аварч чадахгүй болно.
16 Дайчдын дундаас хамгийн зоригтой нь хүртэл тэр өдөр нүцгэн зугтах болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
[Өмнөх] |                  | [Дараах] |