Хосеа [14]

1 Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ.
Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.
2 Өөртөө үгсийг аван ЭЗЭН уруу эргэ.
Түүнд хандаж "Бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач.
Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе.
3 Ассири нь биднийг аврахгүй, бид морь унахгүй.
Бид гарын бүтээлээ "Манай Бурхан" гэж дахин хэлэхгүй. Учир нь өнчин хүүхдүүд Таны дотор өршөөлийг олдог".

4 Би тэдний урвалтыг эмчилж, тэднийг чөлөөтэйгөөр хайрлана.
Учир нь Миний уур хилэн тэднээс холдсон юм.
5 Би Израильд шүүдэр шиг байх болно.
Тэр сараана цэцэг шиг дэлбээлэн, Ливаны хуш мод шиг үндэслэнэ.
6 Түүний мөчрүүд нь нахиалж, түүний гоо үзэсгэлэн нь чидун мод шиг,
түүний анхилуун үнэр нь Ливаны хуш мод шиг болно.
7 Түүний сүүдэрт амьдрагсад нь дахин үр тариаг ургуулан,
усан үзмийн мод шиг цэцэглэх болно.
Түүний алдар нэр нь Ливаны усан үзмийн дарс шиг байх болно.

8 Ефраим аа, Би шүтээнүүдтэй ямар хамаатай вэ?
Хариу өгч, чамайг харгалзсан нь Би билээ.
Би бол саглагар нарстай адил юм. Надаас чиний үр жимс гарна.

9 Ухаантай хэн боловч эдгээр зүйлсийг ойлго.
Гярхай нэгэн эдгээрийг мэдэг.
Учир нь ЭЗЭНий замууд зөв юм.
Шударга зөв нь түүгээр алхаж, харин нүгэлтнүүд түүнд бүдрэх болно.



[Өмнөх]                [Дараах]



Хосеа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]