Хосеа [2]

1 Ах дүү нартаа "Амми" гэж, эгч дүү нартаа "Рухама" хэмээн хэл.
2 "Тэмцэлд, эхтэйгээ тэмцэлд.
Учир нь тэр бол миний эхнэр биш, Би түүний нөхөр биш.
Түүний нүүрнээс завхайрлыг зайлуулж,
хөхнийх нь хоорондоос садар самууныг нь арилга.
3 Эс тэгвэл Би түүнийг нүцгэлэн,
анх мэндэлсэн өдрийнх шиг нь түүнийг ил гаргана.
Би бас түүнийг цөл мэт, зэлүүд газар мэт болгон, цангааж алах болно.
4 Бас Би түүний хүүхдүүдийг өрөвдөхгүй.
Яагаад гэвэл тэд завхай хүүхдүүд юм.
5 Учир нь тэдний эх завхайрсан.
Тэднийг тээсэн тэр эм ичгүүрийг үйлджээ.
Учир нь тэр "Надад миний талх, миний усыг ба миний ноос, миний маалинга ба миний тос, миний дарсыг өгдөг нууц амрагуудынхаа араас би явна" гэж хэлжээ.
6 Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж,
тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно.
7 Тэр нууц амрагуудаа мөшгөн дагавч тэднийг гүйцэхгүй.
Тэрээр тэднийг хайх боловч тэднийг олохгүй.
Тэгээд тэр эм "Би өөрийнхөө анхны нөхөр уруу буцан явна.
Учир нь миний хувьд одоогийнхоос тэр үед илүү сайн байсан" гэх болно.

8 Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч,
түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй.
Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.
9 Тэгэхээр ургац хураах үед нь Би Өөрийн үр тариаг буцаан авч,
улирал нь болоход Өөрийн шинэ дарсыг буцаах болно.
Бас түүний нүцгэн биеийг халхлахаар өгөгдсөн Өөрийн ноос ба Өөрийн маалингыг Би авч явах болно.
10 Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөд
хэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.
11 Бас түүний бүх цэнгэл, найр наадам,
түүний шинэ сарууд, амралтын өдрүүд ба түүний бүх баярын чуулгануудыг Би эцэс болгоно.
12 "Миний нууц амрагуудын надад өгсөн миний хөлс бол эдгээр юм" хэмээн өгүүлэх тэр эмийн усан үзмийн ба инжрийн моддыг Би сүйтгэх болно.
Би тэдгээрийг ой болгож, хээрийн араатнууд тэдгээрийг цөлмөх болно.
13 Бас Баалуудын өдрүүдийн төлөө Би түүнийг шийтгэх болно.
Тэрээр тэдгээрт тахил өргөж ээмэг, эрдэнээр өөрийгөө гоёж чимэн,
нууц амрагуудаа даган явсаар Намайг мартсан" гэж ЭЗЭН тунхаглаж байна.

14 "Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад,
түүнтэй эелдгээр ярих болно.
15 Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө.
Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно.
16 Тэр өдөр чи Намайг "Миний нөхөр" гэж дуудан,
цаашид "Миний Баал" гэж дуудахгүй" хэмээн ЭЗЭН тунхаглаж байна.
17 "Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөд
тэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй.
18 Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно.
Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ.
19 Би чамтай мөнхөд сүй тавина.
Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина.
20 Би чамтай итгэмжит байдал дотор сүй тавина.
Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.

21 Тэр өдөрт Би хариу өгөх болно" гэж ЭЗЭН тунхаглаж байна.
"Би тэнгэрүүдэд хариу өгч, тэдгээр нь газарт хариу өгнө.
22 Газар нь үр тариа, шинэ дарс, тосонд хариу өгч, тэдгээр нь Иезреелд хариу өгнө.
23 Би Өөрийнхөө төлөө энэ газарт түүнийг тариалах болно.
Би бас өршөөгдөөгүй түүнийг өрөвдөж,
Миний ард түмэн байгаагүй хүмүүст "Та нар Миний ард түмэн" хэмээх бөгөөд
тэд "Та бол миний Бурхан" хэмээх болно".



[Өмнөх]                [Дараах]



Хосеа [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14]