1 Коринт [11]

1 Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.
2 Та нар бүх зүйл дээр намайг санаж, та нарт би хэрхэн дамжуулж өгсөнчлөн тэдгээр уламжлалыг чанд сахидаг тул та нарыг би магтдаг.
3 Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна.
4 Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгой дээрээ өмсгөлтэй эр хүн бүр өөрийн толгойгоо гутааж байгаа юм.
5 Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм.
6 Хэрэв эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эмэгтэй хүнд ичгэвтэр байвал тэр өөрийн толгойгоо бүтээг.
7 Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эмэгтэй хүн эр хүний алдар юм.
8 Учир нь эр хүн эмэгтэй хүнээс бус, харин эмэгтэй хүн эр хүнээс бий болсон.
9 Үнэндээ эр хүн эмэгтэй хүний төлөө бүтээгдсэн бус, харин эмэгтэй хүн эр хүний төлөө бүтээгдсэн юм.
10 Тиймээс тэнгэр элч нарын улмаас эмэгтэй хүн толгой дээрээ эрх мэдлийн тэмдэг байлгах ёстой.
11 Гэвч Эзэн дотор эр хүнгүйгээр эмэгтэй хүн гэж үгүй бөгөөд эмэгтэй хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.
12 Учир нь эмэгтэй хүн эр хүнээс бий болсончлон эр хүн эмэгтэй хүнээс төрдөг. Бүх юмс Бурханаас бий болсон.
13 Эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй Бурханд залбирах нь зохистой юу? Өөрсдөө шүүцгээ.
14 Хэрэв эр хүн урт үстэй байвал энэ нь түүнийг гутаадаг гэдгийг төрөлх байдал өөрөө та нарт сургадаг бус уу?
15 Харин хэрэв эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд алдар юм. Тийм биш гэж үү? Яагаад гэвэл түүний үс нь түүнд өмсгөл болон өгөгджээ.
16 Хэрэв хэн нэг нь маргаантай байхыг боддог бол тийм ёс заншил бидэнд ч, Бурханы чуулгануудад ч байхгүй билээ.
17 Харин энэ зааврыг өгөхдөө би та нарыг магтахгүй. Яагаад гэвэл та нар хамтдаа цуглахдаа сайжраагүй, харин ч мууджээ.
18 Учир нь нэгдүгээрт, та нар чуулган дотор цуглах үедээ дундаа хагаралтай байгааг чинь би сонсов. Зарим талаар би үүнд итгэж байна.
19 Учир нь та нарын дунд шалгарсан хүмүүс тодорсон байхын тулд та нарын дунд бүлэглэлүүд гарч ирэх ёстой юм.
20 Тиймээс та нар хамтдаа цуглах нь Эзэний Зоогийг идэхийн тулд биш юм.
21 Учир нь хүн бүр өөрийнхөө хоолноос урьтаж иддэг бөгөөд нэг нь өлсгөлөн байхад нөгөө нь согтуурч байна.
22 Та нарт идэх уух гэр орон байхгүй гэж үү? Эсвэл та нар Бурханы чуулганыг басамжлан, хоосон нэгнийгээ ичээх гэдэг юм уу? Та нарт би юу гэж хэлэх вэ? Та нарыг би магтах уу? Үүний чинь төлөө би та нарыг магтахгүй.
23 Учир нь Эзэнээс юу авсныгаа та нарт би дамжуулж өгсөн. Чухамхүү Түүний баригдсан тэр шөнө Эзэн Есүс талх аваад,
24 талархлаа өргөж, хуваагаад "Энэ бол та нарын төлөөх Миний бие мөн. Намайг дурсан үүнийг үйлд" гэв.
25 Тэрчлэн зоогийн дараа мөн аяга авч "Энэ аяга бол Миний цусаар тогтоогдох шинэ гэрээ мөн. Үүнээс та нар уух болгондоо Намайг дурсан үүнийг үйлд" гэсэн юм.
26 Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг.
27 Тиймд хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно.
28 Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.
29 Учир нь идэж буй хүн хэрэв биеийг зөв шүүлгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна.
30 Үүнээс болж та нарын дунд мөхөс, өвчтэй хүн олон байгаа бөгөөд мөн цөөнгүй хүн нойрсож байна.
31 Хэрэв бид өөрсдийгөө зөв шүүсэн бол шийтгэгдэхгүй байх байсан.
32 Харин бид шийтгэгдэхдээ Эзэнээр сахилгажуулагддаг. Ингэснээр бид ертөнцтэй хамт яллагдахгүй юм.
33 Тиймд ах дүүс минь, та нар идэхийн тулд цуглавал нэг нэгнийгээ хүлээ.
34 Та нар хамтдаа шийтгэлд унахгүйн тулд хэрэв өлссөн хүн байвал тэр хүн гэртээ идэг. Бусад хэргүүдийг би очихдоо зохицуулъя.



[Өмнөх]                [Дараах]



1 Коринт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]