1 Коринт [14]

1 Та нар хайрыг мөшгөгтүн. Сүнслэг бэлгүүдийг авахыг хүсэж тэмүүл. Ялангуяа эш үзүүлэх бэлгийг хүс.
2 Хэлээр ярьдаг хүн хүмүүст бус, харин Бурханд хандаж ярьдаг. Учир нь тэр хүн сүнс дотор нууцуудыг ярьдаг боловч ямар ч хүн ойлгодоггүй ажээ.
3 Харин эш үзүүлдэг хүн босгон байгуулах, урамшуулах, тайтгаруулахын тулд хүмүүст хандаж ярьдаг.
4 Хэлээр ярьдаг хүн өөрийгөө босгон байгуулдаг бол эш үзүүлдэг хүн чуулганыг босгон байгуулдаг аж.
5 Би та бүхнийг хэлээр яриасай гэж хүсдэг ч, эш үзүүлэхийг чинь бүр ч илүү хүсдэг. Ярьснаа тайлбарлахгүй л бол хэлээр ярьдаг хүнээс эш үзүүлдэг хүн нь илүү агуу юм. Ингэснээр чуулган нь босгон байгуулагдах юм.
6 Ах дүү нар аа, хэрэв би та нар уруу очиж хэлээр ярилаа гэхэд илчлэлт, эсвэл мэдлэг, эсвэл эш үзүүллэг, эсвэл сургаалаар ярихгүй л бол та нарт ямар тус болох билээ?
7 Амьгүй атлаа дуу гаргагч бишгүүр ба босоо ятгын аль аль нь хэрэв ялгагдах дуу гаргахгүй бол бишгүүрээр, эсвэл ятгаар юу тоглосныг яаж мэдэх вэ?
8 Хэрэв бүрээ тодорхой дуугарахгүй бол хэн тулалдаанд бэлдэх вэ?
9 Түүнчлэн хэрэв та нар хэлээр ярихдаа тодорхой үгийг өгөхгүй бол ярьж байгаа чинь хэрхэн ойлгогдох юм бэ? Агаарт ярьж буй хэрэг болно.
10 Ертөнцөд олон янзын хэл байдаг байх. Утгагүй хэл нэг ч байхгүй юм.
11 Иймээс хэрэв би тухайн хэлний утгыг мэдэхгүй бол ярилцагч хүнийхээ хувьд би харь хүн болж, миний хувьд ярилцагч маань харь хүн болно.
12 Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай.
13 Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг.
14 Учир нь хэрэв би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин миний ухаанд үр жимс үгүй юм.
15 Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно. Би бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно. Би бас ухаанаар дуулах болно.
16 Эс бөгөөс хэрэв та нар сүнс дотор ерөөвөл билэг авъяасгүй нэг чинь та нарын талархалд "Амен" гэж яаж хэлэх вэ? Та нарын юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.
17 Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй.
18 Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг.
19 Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.
20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.
21 Хуульд ""Би харь хэлээр болон харь хүмүүсийн амаар дамжуулж энэ хүмүүст ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй" гэж Эзэн айлдаж байна" гэж бичигдсэн байдаг.
22 Тиймээс хэлүүд нь итгэдэг хүмүүсийн төлөө бус, харин итгэдэггүй хүмүүсийн төлөөх тэмдэг болдог аж. Харин эш үзүүллэг нь итгэдэггүй хүмүүсийн төлөө бус, харин итгэдэг хүмүүсийн төлөө байдаг.
23 Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэлүүдээр яривал бэлэг авъяасгүй хүн, эсвэл итгэдэггүй хүмүүс орж ирвэл тэд та нарыг галзуу гэж хэлэхгүй гэж үү?
24 Хэрэв та нар бүгд эш үзүүлбэл, итгэдэггүй эсвэл бэлэг авъяасгүй хүн орж ирвэл тэрээр бүхнээр яллагдан, бүхнээр шүүгдэх бөгөөд
25 түүний зүрхний нууцууд нь илэрхий болгогдоно. Ийнхүү тэр хүн Бурханы үнэхээр та нарын дунд байгааг зарлан нүүрээрээ унаж, Бурханд мөргөнө.
26 Ах дүү нар аа, тэгвэл яах вэ? Та нарыг цуглах үед хүн тус бүрд дуулал, сургаал, илчлэлт, хэлээр ярих ба тайлбарлах нь байдаг. Энэ бүхэн чинь босгон байгуулахын төлөө байг.
27 Хэрэв хэн нэгэн хүн хэлээр яривал, нэг удаа хоёроос илүүгүй эсвэл хамгийн ихдээ гурван хүн ээлжлэн ярьж, нэг нь тайлбарлаг.
28 Хэрэв тайлбарлах хүн байхгүй бол тэр хүн чуулган дунд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг.
29 Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг.
30 Хэрэв сууж байсан өөр хүнд илчлэлт ирвэл эхний хүн чимээгүй бол.
31 Учир нь бүгд суралцан, урамшуулагдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлцгээж болно.
32 Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг.
33 Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн.
Ариун хүмүүсийн бүх чуулганы адил
34 чуулгануудад эмэгтэйчүүд чимээгүй байг. Учир нь тэдэнд ярихыг зөвшөөрдөггүй. Харин Хууль юу хэлдэг шиг тэд захирагдаж байг.
35 Хэрэв тэд ямар нэгэн юманд суралцахыг хүсвэл гэртээ нөхрөөсөө асууг. Учир нь эмэгтэй хүн чуулган дээр ярих нь зохисгүй юм.
36 Бурханы үг та нараас гарсан уу? Тэр нь зөвхөн та нарт хүрсэн юм уу?
37 Хэрэв хэн нэг нь өөрийгөө эш үзүүлэгч, эсвэл сүнслэг гэж боддог бол тэр хүн миний та нарт бичсэн энэ зүйлс нь Эзэний тушаал гэдгийг мэдэж аваг.
38 Хэрэв хэн нэг нь үүнийг мэдэхгүй бол тэр хүн өөрөө мэдэгдэхгүй болно.
39 Иймд ах дүүс [минь], эш үзүүлэхийн тулд хүслэн болж тэмүүл. Хэлээр ярихыг бүү хоригло.
40 Гэвч бүх юм зохистой, эмх журмынхаа дагуу байг.



[Өмнөх]                [Дараах]



1 Коринт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16]