2 Коринт [1]

1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би болон дүү Тимот Коринт дахь Бурханы чуулганд болон Ахай даяар байгч бүх ариун хүмүүст илгээв.
2 Бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл болон амар тайван нь та нарт байх болтугай.
3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн.
4 Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг юм.
5 Учир нь Христийн зовлонгууд бидэнд арвин байдгийн адил түүнчлэн бидний тайвшрал ч мөн Христээр дамжуулан арвин байдаг.
6 Хэрэв бид зовж байгаа бол энэ нь та нарын тайвшрал хийгээд авралын төлөө юм. Хэрэв бид тайвшруулагдаж байгаа бол энэ нь та нарын тайвшралын төлөө билээ. Энэ тайвшрал нь бид ч гэсэн эдэлдэг тэрхүү ижил зовлонгуудыг тэвчээртэйгээр тэсвэрлэхэд үр нөлөөтэй байдаг.
7 Та нарын талаарх бидний найдвар бат билээ. Та нар бол бидний зовлонг хуваалцагчид төдийгүй тайвшралыг минь ч хуваалцагчид мөн гэдгийг бид мэднэ.
8 Ах дүү нар аа, Азид байхад бидэнд учирсан зовлонг, бид хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горьдлого маань ч тасарсныг та нар мэдээгүй байхыг бид хүсэхгүй байна.
9 Бид өөрсдөдөө бус, харин үхэгсдийг амилуулдаг Бурханд найдахын тулд бид дотроо үхлийн ялтай байсан.
10 Тэр биднийг тийм аймшигт үхлээс аварсан бөгөөд аврах болно. Тэр биднийг дахиж аварна гэж бид Түүнд өөрсдийн найдвараа тавьсан байв.
11 Залбирлаараа та нар ч мөн бидэнд тусалдаг. Тэгэхээр хүмүүсийн залбирлаар бидэнд соёрхогдсон бэлгээс болж бидний төлөө олон хүн талархал өргөх болно.
12 Учир нь бидний сайрхал энэ болой. Бид энэ ертөнцөд, ялангуяа та нарын дунд биеэ авч явахдаа Бурханы ариун байдал ба бурханлаг чин сэтгэл дотор, махан биеийн мэргэн ухаанаар бус, харин Бурханы нигүүлсэл дотор байсан юм. Үүнийг бидний мөс чанар гэрчилнэ.
13 Та нарын уншиж, ойлгодгоос өөр юмыг бид та нарт бичдэггүй. Та нар эцсийг хүртэл ойлгоно гэдэгт би найдаж байна.
14 Та нар биднийг зарим талаар ойлгосон шиг, [бидний] Эзэн Есүсийн өдөр бид та нарын, та нар бидний сайрхал болно.
15 Энэхүү итгэлээр би эхлээд та нар уруу очихыг хүссэн нь та нар хоёр удаа нигүүлслийг аваасай гэсэнд юм.
16 Би танайхаар дайрч Македонид очиж, Македониос дахин та нар уруу ирээд, Иудей уруу та нарын туслалцаатайгаар явах гэсэн юм.
17 Иймд би үүнийг хийе гэж бодохдоо хэлбэлзээгүй биз дээ? Эсвэл би юм төлөвлөхдөө махан биеийнхээ дагуу төлөвлөж, түүнчлэн нэг дор "За, за", "Үгүй, үгүй" гэдэг гэж үү?
18 Харин Бурхан бол итгэмжитийн адил бидний үг та нарт "За ба үгүй" байгаагүй юм.
19 Учир нь биднээр, тухайлбал надаар болон Силванаар, Тимотоор та нарын дунд тунхаглагдсан Бурханы Хүү, Христ Есүс нь "За ба үгүй" байгаагүй. Харин Түүний дотор "За" байгаа юм.
20 Учир нь Бурханы бүх амлалт Түүний дотор "За" гэдэг. Тиймд бид Бурханы алдрын тулд Түүгээр дамжуулан "Амен" гэдэг.
21 Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн.
22 Бас Тэр биднийг тамгалсан бөгөөд бидний зүрхэнд Сүнсийг барьцаа болгон өгсөн аж.
23 Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.
24 Бид та нарын итгэлийг захирдаггүй. Харин бид та нарын баяр баясгалангийн төлөө та нартай хамтран ажиллагч юм. Учир нь та нар итгэлээрээ бат зогсдог.



[Өмнөх]                [Дараах]



2 Коринт [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]