2 Учир нь би та нарын бэлэн байдлыг мэднэ. Та нарын үүгээр чинь би македоничуудад сайрхдаг. "Ахай ноднингоос эхэлж бэлтгэгдсэн" гэж би хэлсэн бөгөөд та нарын зүтгэл тэдний олонхыг хөдөлгөсөн билээ.
3 Миний хэлж байснаар та нар бэлдээсэй гэсэндээ би ах дүүсийг илгээлээ. Та нарын талаарх бидний бахархал энэ хэрэгт хоосон болчих вий.
4 Хэрэв надтай хамт македоничуудын хэн нэг нь ирж, та нарын бэлтгэлгүй байгааг олж харвал, та нараар барахгүй бид ч энэ итгэл найдвар дотор ичгүүртэй байдалд орох болно.
5 Тиймд та нарын хэдийн амласан өглөгийг урьдаас бэлэн болгуулахын тулд та нар дээр түрүүлээд очооч гэж ах дүү нарыг ятгах шаардлагатай хэмээн би үзлээ. Ингэж бэлтгэснээр албадлагын бус, харин өгөөмөр сэтгэлийн өглөг байх болно.
6 Тэгэхлээр ийм байна. Хармыг тарьдаг хүн хармыг хураана. Өгөөмрөөр тарьдаг хүн өгөөмрөөр хураана.
7 Хүн бүр зүрхэндээ шийдсэнчлэн харамгүйгээр, албадлага бусаар өгөгтүн. Учир нь Бурхан баяртайгаар өгөгчийг хайрладаг.
8 Бурхан бүх нигүүлслийг та нарт бялхаах чадалтай. Тийнхүү та нар үргэлж юм бүхэнд бүрэн хангалуун байдалтай байж, алив сайн үйлд элбэг баян байх болно.
9 Энэ тухай
"Тэр тараасан, ядууст өгсөн.
Түүний зөвт байдал мөнхөд байна"
10 Тариачинд тарих үрийг, идэх хүнсийг бэлдэн өгдөг Тэрээр та нарт тарих үрийг чинь ханган, өсгөх бөгөөд та нарын зөвт байдлын ургацыг улам арвин болгоно.
11 Та нар их өгөөмөр байдлын төлөө юм бүхэнд баяжих болно. Энэ нь биднээр дамжуулан Бурханд өргөх талархлуудыг бий болгодог.
12 Яагаад гэвэл энэ үйлчлэлийн үүрэг нь зөвхөн ариун хүмүүсийн хэрэгцээг хангадаг төдийгүй, харин ч Бурханд өргөх арвин талархлуудаар мөн бялхдаг.
13 Энэхүү үйлчлэлээр өгөгдсөн баталгааны улмаас тэд Христийн сайн мэдээг хүлээн зөвшөөрсөн дуулгавартай байдлын чинь төлөө, мөн тэдэнд болон бүх хүнд өгсөн та нарын хандивын өгөөмөр сэтгэлийн төлөө Бурханыг алдаршуулах болно.
14 Тэд та нарын төлөөх залбирлаараа ч та нар уруу тэмүүлдэг. Учир нь Бурханы хэмжээлшгүй нигүүлсэл та нарын дотор байгаа юм.
15 Түүний зүйрлэшгүй бэлгийн төлөө Бурханд талархал байх болтугай.
[Өмнөх] |                  | [Дараах] |