2 Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз.
3 Та нарын итгэлийн сорилт тэсвэр хатуужлыг төрүүлдэг гэдгийг та нар мэдэх билээ.
4 Тэсвэр хатуужил нь төгс үр дүнтэй байг. Тэгвэл та нар юугаар ч дутахгүй төгс, бүрэн бүтэн байна.
5 Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.
6 Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн нь салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ.
7 Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү найдаг.
8 Тэр хүн хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.
9 Харин эгэл дорд ах дүү нь өөрийн өндөр дотроо сайрхаг.
10 Баян хүн өөрийн басамжлал дотроо сайрхаг. Яагаад гэвэл тэр өвсний цэцэг мэт өнгөрнө.
11 Учир нь нар төөнөж, халуун салхи өвсийг гандаахад цэцэг нь унаж гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.
12 Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр соригдчихоод, Эзэний Өөрийг нь хайрлагсдад амласан амийн титмийг хүлээн авна.
13 Хэн нь ч соригдохдоо "Бурхан намайг сорьж байна" гэж бүү яриг. Учир нь Бурхан бузар муугаар соригддоггүй бөгөөд Өөрөө хэнийг ч сорьдоггүй.
14 Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог.
15 Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж.
16 Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.
17 Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй.
18 Тэр Өөрийн хүслээр биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.
19 Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг.
20 Учир нь хүний уур хилэн Бурханы зөвт байдлыг биелүүлдэггүй юм.
21 Тиймээс та нар бүх бузар байдал, хорон санааныхаа бүх л үлдэгдлийг хаяж, өөрсдийн чинь дотор суулгагдсан үгийг даруухнаар хүлээж авагтун. Тэр үг та нарын сэтгэлийг аврах чадалтай.
22 Гэхдээ өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун.
23 Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм.
24 Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг.
25 Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно.
26 Хэрэв хэн нэгэн нь өөрийгөө сүсэгтэй хэмээн боддог хэдий ч хэл амаа хазаарладаггүй бол өөрийн зүрхээ хуурч буй бөгөөд сүсэглэл нь ашиггүй ажээ.
27 Бидний Бурхан ба Эцэгийн өмнө цэвэр ариун бөгөөд бузартаагүй сүсэглэл бол зовж зүдрэх цагт нь өнчин хүмүүс, бэлэвсэн эхнэрүүдийг эргэж тойрон, өөрийгөө хамгаалан дэлхийгээс бохирдохгүй байх нь ажгуу.
[Өмнөх] |                  | [Дараах] |