2 Эд баялаг чинь ялзарч, дээлийг чинь эрвээхий иджээ.
3 Алт, мөнгө чинь зэвэрч, зэв нь та нарын эсрэг гэрч болж, махан биеийг чинь гал мэт шатаана. Та нар эцсийн өдрүүдэд эрдэнэсээ хураажээ.
4 Харагтун, тариаланг чинь хураасан ажилчдын хөлс, та нарын саатуулаад байгаа тэр хөлс та нарын эсрэг хашхирч байна. Ургацыг чинь хураасан хүмүүсийн хашхираан Түмэн цэргийн Эзэний сонорт хүрчээ.
5 Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч, дураараа авирлах амьдралд хөтлөгдөв. Нядалгааны өдөр та нар зүрхээ бордсон байна.
6 Та нар зөвт хүнийг яллаж, алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй.
7 Тийм учраас, ах дүү нар аа, Эзэнийг ирэх хүртэл тэвчээртэй байгтун. Харагтун, тариачин хөрсний үнэт бүтээгдэхүүнийг хүлээдэг. Ингэхдээ тэр эрт ба оройтож орох бороог ортол тэсвэртэйгээр хүлээдэг юм.
8 Та нар ч бас тэвчээртэй бай. Эзэний ирэх ойртсон тул зүрхээ чангал.
9 Ах дүү нар аа, та нар өөрсдөө шүүгдчихгүйн тулд бие биеийнхээ эсрэг бүү гомдолло. Харагтун, шүүгч хаалган дээр зогсож байна.
10 Ах дүү нар аа, Эзэний нэрээр ярьж байсан эш үзүүлэгчдийг авч, зовлон ба тэвчээрийн жишээ болгогтун.
11 Харагтун, бид тэвчсэн хүмүүсийг ерөөгдсөнд тооцдог. Та нар Иовын тэсвэр тэвчээрийн тухай сонсож, Эзэн эцэст нь юу хийснийг харсан. Яагаад гэвэл Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.
12 Харин юуны өмнө, ах дүү нар минь, та нар тэнгэрээр ч, газраар ч, өөр ямар ч андгайгаар бүү тангарагла. Харин та нарын "за" нь за, "үгүй" нь үгүй байг. Ингэснээр та нар шүүлт дор унахгүй юм.
13 Та нарын дунд хэн нэгэн нь зовлон эдэлж байна уу? Тэр нь залбираг. Хэн нэгэн нь хөгжилтэй байна уу? Тэр нь магтан дуулаг.
14 Та нарын дунд хэн нэгэн нь өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг.
15 Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно.
16 Тийм учраас бие биеийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвт хүний залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.
17 Елиа бол бидэнтэй адилхан жирийн хүн байсан. Бороо оруулахгүйн тулд түүнийг залбирахад гурван жил зургаан сарын турш газарт бороо ороогүй билээ.
18 Түүнийг дахин залбирахад, тэнгэрээс хур бороо асгаж, газар үр жимсээ ургуулсан юм.
19 Ах дүү нар минь, хэрэв та нарын нэг чинь үнэнээс гажаад, хэн нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал,
20 хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч, тоо томшгүй олон нүглийг халхлах болно гэдгийг түүнд мэдүүлэгтүн.
[Өмнөх] |                  | [Дараах] |