2 Хэрэв танай цуглаанд хээнцэр хувцасласан, алтан бөгжтэй хүн, мөн бохир хувцастай ядуу хүн орж ирвэл,
3 та нар хээнцэр хувцас өмссөн нэгнийг нь онцгой анхаарч "Та энд тухлан суу" гээд, харин ядуу хүнд "Чи тэнд зогс, эсвэл миний хөлийн гишгүүр хавьд суу" гэвэл,
4 та нар өөрсдийнхөө дунд ялгаварлалыг бий болгож, бузар бодол санаатай шүүгчид болсон бус уу?
5 Миний хайрт ах дүү нар аа, сонсогтун. Бурхан энэ ертөнцийн ядуусыг Өөрийг нь хайрлагсдад амласан хаанчлалын өвлөгчид болгож, тэднийг итгэл дотор баян байлгахын тулд сонгоогүй гэж үү?
6 Харин та нар ядуу хүнийг хүндэтгэсэнгүй. Та нарыг дарлан, шүүхэд аваачигсад нь баячууд биш гэж үү?
7 Та нарт өгөгдсөн эрхэм нэрийг тэд гутаан доромжилдоггүй гэж үү?
8 Хэрэв та нар хаан хууль болох "Чи хөршөө өөрийн адил хайрла" гэснийг Судрын дагуу биелүүлж байвал та нар сайныг үйлдэж байна.
9 Харин та нар хүнийг алаг үзвэл, та нар нүгэл үйлдэж, хэрэгтэн мэт хуулиар яллагдах болно.
10 Учир нь бүх хуулийг сахивч нэг дээр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг зөрчсөн болно.
11 Учир нь "Бүү завхайр" гэж айлдсан Тэр бас "Хүн бүү ал" гэсэн юм. Хэрэв чи завхайраагүй хэрнээ хүн албал, хуулийн гэмт хэрэгтэн болно.
12 Эрх чөлөөний хуулиар шүүгдэх гэж буй тэр хүмүүс шиг тийнхүү ярь, тийнхүү үйлд.
13 Учир нь өршөөлгүй хүнд өршөөлгүй шүүлт байх болно. Харин өршөөл шүүлтийг ялдаг.
14 Ах дүүс минь, хэрэв хүн "Надад итгэл бий" гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Тийм итгэл түүнийг аварч чадна гэж үү?
15 Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь өмсөх хувцасгүй, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь,
16 та нарын нэг чинь тэдэнд "Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай" гэж хэлчихээд биед нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ?
17 Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.
18 Гэвч хэн нэг чинь "Чамд итгэл байна. Харин надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд өөрийн итгэлийг үйлсээрээ харуулъя" гэж хэлж болох юм.
19 Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн хэрэг. Чөтгөрүүд ч мөн үүнд итгэдэг бөгөөд чичирдэг юм.
20 Мунхаг хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу?
21 Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр өөрийн хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?
22 Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна.
23 "Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм" гэж өгүүлдэг Судар биелэгдсэн бөгөөд Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон.
24 Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг чи харж байна.
25 Мөн үүний адилаар янхан эм Рахаб элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?
26 Учир нь сүнсгүй бие үхмэл байдгийн адил түүнчлэн үйлсгүй итгэл ч бас үхмэл болой.
[Өмнөх] |                  | [Дараах] |