1 Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав.
2 Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.
3 Тэгэхэд Давид түүнээс
-Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад
-Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.
4 Давид түүнд
-Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр
-Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв.
5 Мэдээ хүргэж ирсэн тэр залууд хандан Давид
-Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи хэрхэн мэдэв? гэв.
6 Давидад өгүүлсэн тэр залуу
-Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв.
7 Саул эргэж, намайг хараад дуудахад нь би "Би энд байна" хэмээн хариулсан.
8 Саул надаас "Чи хэн бэ?" гэж асуусанд би "Амалек хүн байна" хэмээсэн билээ.
9 Саул надад "Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна" хэмээн өгүүлэв.
10 Тийнхүү би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр унасныхаа дараа амьд байж чадахгүй гэдгийг би мэдэв. Би түүний толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь авч, энд эзэндээ авчирлаа гэв.
11 Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.
12 Илдээр алуулсан Саул, түүний хөвгүүн Ионатан, ЭЗЭНий хүмүүс болон Израилийн гэрийн төлөө тэд гашуудан, уйлж, үдэш болтол мацаг барив.
13 Давид мэдээ хүргэж ирсэн залуугаас
-Чи хаанахын хүн бэ? гэхэд залуу хариулан
-Би харь хүн болох амалек хүний хүү гэв.
14 Тэгэхэд нь Давид
-Чи ЭЗЭНий тосолсон хүнийг алахаар гар сунгахаас юунд айсангүй вэ? гэв.
15 Давид залуусынхаа нэгийг дуудан,
-Очиж түүнийг алагтун гэсэнд, тэрээр түүнийг цохиж алав.
16 Давид түүнд
-Чиний цус толгой дээр чинь бууг. Учир нь чиний ам "Би ЭЗЭНий тосолсон хүнийг алав" гэж хэлээд өөрийн чинь эсрэг гэрчлэв гэсэн гэв.
17 Дараа нь Саул болон түүний хөвгүүн Ионатаны төлөө Давид энэхүү гашуудлын дууг дуулж,
18 энэхүү нумын дууг Иудагийн хөвгүүдэд сургахыг тэдэнд тушаав. Энэ нь Иашарын номд бичигдсэн ажээ.
19 "Өө, Израиль аа, үзэсгэлэнт байдал чинь чиний өндөрлөг газруудад алагдав.
Хүчтэнүүд хэрхэн алагдсан билээ!
20 Филистчүүдийн охидыг баярлуулан,
хөвч хөндүүлээгүй хүний охидыг бардамнуулахгүйн тулд үүнийг Гатад бүү мэдүүл,
Ашкелоны гудамжинд ч бүү тунхагла.
21 Өө, Гилбоагийн уулс аа,
та нарын дээр шүүдэр бүү унаг,
бороо бүү орог, мөн талаар дүүрэн өргөл ч бүү байг.
Учир нь тэнд хүчтэний бамбай,
Саулын эс тослогдсон бамбай бузарлагдав.
22 Амь үрэгдэгсдийн цус,
хүчтэнүүдийн өөхнөөс Ионатаны нум хойшоо эргээгүй,
Саулын илд ч хоосон буцаагүй.
23 Саул болон Ионатан амьдралдаа хоорондоо тааламжтай, мөн хайрлагдсан хүмүүс байсан бөгөөд
үхэхдээ ч тэд салсангүй.
Тэд бүргэдээс ч хурдан,
арслангаас ч хүчтэй байв.
24 Өө, Израилийн охид оо,
та нарыг час улаан дээлээр гоён хувцаслаж,
өмсгөлийн чинь дээр алтан чимгийг зүүж өгсөн Саулын төлөө уйлагтун.
25 Тулалдааны дунд хүчтэнүүд хэрхэн унасан билээ!
Ионатан өндөрлөг газруудад чинь алагдав.
26 Ах Ионатан минь,
таны төлөө би зовон шаналж байна.
Та надад маш тааламжтай байв.
Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв.
27 Хүчтэнүүд унан, дайны зэвсэг хэрхэн мөхөв!".
[Өмнөх] |                  | [Дараах] |
2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]