2 Самуел [15]

1 Үүний дараа Абсалом өөртөө хөсөг тэрэг болон морьд бэлтгэж, мөн өөрийнхөө урд гүйлгэх тавин хүнтэй болов.
2 Абсалом өглөө эртлэн босож, хаалгаар өнгөрөх замын дэргэд зогсдог байв. Хаанаар шүүлгэхийн тулд ирж буй заргатай хүн байвал Абсалом тэднийг дуудан,
-Чи аль хотын хүн бэ? гэхэд уг хүн
-Таны боол би Израилийн ийм овгийн хүн байна хэмээн хариулдаг байв.
3 Тэгэхэд нь Абсалом түүнд
-Харагтун. Чиний зарга сайн хийгээд зөв юм. Харин хааны зүгээс чиний хэргийг сонсох хүн нэг ч байхгүй хэмээн өгүүлдэг байв.
4 Үүнээс гадна Абсалом
-Аяа, хэн нэгэн намайг энэ улсын шүүгчээр томилдогсон бол хэрэг зарга бүхий хүн бүр над дээр ирэхэд би түүнийг нь шударгаар шүүх байсан гэдэг байв.
5 Хэн нэгэн түүн дээр ойртон ирж, сунан мөргөх гэвэл тэр гараа сунган, тэр хүнийг тэвэрч үнсдэг байжээ.
6 Шүүгдэхийн тулд хаан дээр ирсэн бүх Израильтай Абсалом ийм маягаар харьцдаг байв. Ийнхүү Абсалом Израилийн хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэн авав.
7 Дөчин жил өнгөрөхөд Абсалом хаанд
-ЭЗЭНд өргөсөн тангаргаа би биелүүлэхийн тулд намайг Хеброн уруу явуулаач.
8 Таны боол би Сирийн Гешурт байхдаа "Хэрэв ЭЗЭН намайг үнэхээр Иерусалимд буцаан авчирвал би ЭЗЭНд үйлчлэх болно" хэмээн тангарагласан юм гэв.
9 Хаан түүнд
-Амар амгалан яваарай хэмээн айлдсанд тэрээр босож Хеброн уруу явав.
10 Гэхдээ Абсалом Израилийн бүхий л овог аймгаар тагнуул илгээж,
-Эвэр бүрээний дууг сонсонгуутаа та нар "Абсалом бол Хеброн дахь хаан юм" хэмээгтүн гэж хэлүүлэв.
11 Тэгээд хоёр зуун хүн Абсаломын хамт Иерусалимаас явав. Тэдгээр хүмүүс уригдаж явсан бөгөөд юу болж байгааг ч мэдээгүй, гэмгүй хүмүүс байв.
12 Абсалом тахил өргөж байх зуураа хүн явуулж, Давидын зөвлөх Гиллон хүн Ахитофелыг, өөрийнх нь хот Гилогоос дуудаж авчрав. Абсаломтай нэгдэн нийлэх хүмүүсийн тоо өссөөр байсан тул хуйвалдаан ч хүчтэй байв.
13 Тэгэхэд Давид дээр нэгэн элч ирж,
-Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтай хамт байна хэмээн өгүүлэв.
14 Тэгэхэд Давид Иерусалимд өөртэй нь хамт байсан бүх зарц нартаа
-Зугтацгаая. Эс тэгвээс бидний хэн нь ч Абсаломаас зугтааж оргож чадахгүй. Хурдалъя. Тэр биднийг үтэр гүйцэж, гай учруулан, илдний ирээр энэ хотыг дайрах вий гэж хэлэв.
15 Хааны зарц нар хаанд
-Миний хаан эзэн тааллаараа юу хэлнэ, тэр бүхнийг бид биелүүлэхэд бэлэн байна гэцгээв.
16 Ингээд хаан гарч явахад, гэрийнхэн нь бүгд түүнийг даган гарав. Харин хаан гэрээ сахиулахаар арван бага эхнэрээ үлдээв.
17 Хаан болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс гарч, сүүлчийн гэрийн дэргэд зогсов.
18 Хамаг зарц нар нь хааны хажуугаар өнгөрөн, бүх херетчүүд болон бүх пелетчүүд, хаантай хамт Гатаас ирсэн зургаан зуун гит хүмүүс бүгд хааны өмнүүр явж өнгөрөв.
19 Хаан гит хүн Иттаид
-Юунд чи бас бидэнтэй хамт явна вэ? Чи харь хүн бөгөөд бас цагаачин учир буцаж, хаантайгаа хамт үлд.
20 Чи дөнгөж өчигдөр л ирсэн, тэгээд чамайг өнөөдөр өөрсдийн хамт хэрэн хэсүүлэх хэрэг үү? Учир нь би эндээс хаашаа ч хамаагүй аялах юм. Чи өөрийн ах дүүс нараа аваад буц. Өршөөл болон үнэн нь чамтай хамт байх болтугай гэв.
21 Иттаи хаанд хариулан
-ЭЗЭНий амьд буйгаар болон эзэн хааны амьд буйгаар тангараглая. Миний эзэн хаан амьд ч байсан, үхсэн ч байсан, хаа байгаа газар нь боол би тантай хамт байна гэв.
22 Тиймээс Давид Иттаид
-Явж, өнгөрөгтүн гэв. Ингээд гит хүн Иттаи, хамаг хүмүүс болон өөртэй нь хамт байсан бүхий л хөвгүүдийн хамтаар явж өнгөрөв.
23 Орон даяар ардууд чанга дуугаар гашуудан байх үед хүмүүс явж өнгөрөв. Хаан Кидрон горхийг гатлан бүх ардууд ч цөлийн зам тийш гатлан гарав.
24 Мөн Задок бүх Леви хүмүүсийн хамт Бурханы гэрээний авдрыг авчраад, буулган тавив. Мөн Абиатар ирж, хамаг ардуудыг хотоос гарч дуустал нь байв.
25 Хаан Задокт
-Бурханы авдрыг хот уруу буцаан аваач. Хэрэв би ЭЗЭНий өмнө тааллыг нь олбол, ЭЗЭН намайг дахин буцааж авчран, авдар болон Өөрийн оршихуйг үзүүлэх болно.
26 Хэрэв Тэр "Би чамайг сайнаар таалдаггүй" хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.
27 Хаан тахилч Задокт
-Чи үзмэрч биш үү? Чи хоёр хөвгүүн болох өөрийнхөө хөвгүүн Ахимааз болон Абиатарын хөвгүүн Ионатаныг дагуулан хот уруугаа амар тайван буцагтун.
28 Би та нараас мэдээ ирэн иртэл, цөлийн замд хүлээнэ гэв.
29 Задок болон Абиатар нар Бурханы авдрыг Иерусалим уруу буцааж, тэнд нь үлдээв.
30 Давид Чидун уул өөд өгсөхдөө, толгойгоо бүтээн, уйлан, хөл нүцгэн явав. Мөн түүнтэй хамт байсан хамаг ардууд толгойгоо бүтээж, уйлан явав.
31 Хэн нэгэн нь Давидад
-Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид
-ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.
32 Бурханд мөргөл үйлдэх газар болсон уулын оройд Давидыг ирэх үед хувцсаа урж, толгой дээрээ шороо цацсан архет хүн Хушаи Давидтай уулзав.
33 Давид түүнд
-Хэрэв чи надтай хамт явбал чи надад тээр болно.
34 Хэрэв чи хот уруу буцаж, Абсаломд "Хаантан минь, би таны зарц болъё. Урьд эцгийн тань зарц байсны адил одоо би таны зарц болъё" гэж хэлбэл чи Ахитофелын зөвлөгөөг миний төлөө бүтэлгүй болгож чадна.
35 Тэнд тахилч Задок болон Абиатар нар ч чамтай хамт байгаа биш үү? Чи хааны гэрээс сонссон болгоноо тахилч Задок болон Абиатар нарт дамжуулагтун.
36 Тэдний хоёр хөвгүүн нь буюу Задокийн хөвгүүн Ахимааз, Абиатарын хөвгүүн Ионатан нар тэнд тэдэнтэй хамт бий. Сонссон болгоноо надад тэднээр дамжуулсугай гэв.
37 Тэгээд Давидын нөхөр Хушаи хот уруу буцав. Тэр үед Абсалом ч Иерусалимд ирэв.



[Өмнөх]                [Дараах]

2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]