2 Самуел [18]

1 Давид өөртэй нь хамт байсан хүмүүсээ тоолж, тэдний дээр мянгатын дарга, зуутын дарга нарыг томилов.
2 Давид хүмүүсийнхээ гуравны нэгийг Иоабын удирдлаганд, гуравны нэгийг Иоабын дүү, Зеруиагийн хөвгүүн Абишаин удирдлаганд, үлдсэн гуравны нэгийг гит хүн Иттаин удирдлаганд хуваарилав. Хаан хүмүүст
-Миний бие бас та бүхэнтэй хамт явах болно гэв.
3 Харин хүмүүс
-Та явж болохгүй. Учир нь бид зугтвал, тэд биднийг хайхрахгүй. Бидний хагас нь үхсэн ч тэд биднийг хайхрахгүй. Харин та бидний түмэн хүнтэй тэнцэнэ. Тиймийн тул та хотоос бидэнд туслахад бэлэн байх нь дээр гэв.
4 Хаан тэдэнд
-Аль нь та нарт хамгийн дээр санагдана, түүгээр чинь болъё гэв. Тэгээд хаан хаалганы дэргэд зогсож, бүх хүмүүс зуут, мянгатаараа гарч явцгаав.
5 Хаан Иоаб, Абишаи, Иттаи нарт
-Миний төлөө залуу Абсаломд зөөлөн хандаарай гэж тушаав. Цэргийн бүх удирдагчдад Абсаломын талаар хааны тийнхүү тушаасныг бүх хүмүүс сонсов.
6 Ингээд хүмүүс израильчуудын эсрэг тулалдахаар дайны талбар уруу явцгаав. Тулалдаан Ефраимын ойд болов.
7 Израилийн ардууд тэнд Давидын зарц нарт цохигдон ялагдаж, тэр өдөр үй олон хүн буюу хорин мянган хүн тэнд алагдав.
8 Тэнд хийсэн тулалдаан бүх нутгаар тархаж, тэр өдөр илдэнд алагдсан хүнээс илүү ойд алагдсан хүн нь олон байв.
9 Абсалом Давидын зарц нартай тааралдав. Абсалом луус унасан байсан бөгөөд, луус нь том царс модны саглагар мөчрийн доогуур өнгөртөл, Абсаломын толгой нь царс модонд орооцолдон, тэрээр тэнгэр газар хоёрын хооронд дүүжлэгдэв. Харин тэр зуур унаж байсан луус нь чигээрээ явсаар л байв.
10 Нэгэн хүн түүнийг хараад Иоабт
-Абсаломыг царс модонд өлгөгдсөн байхыг нь би харлаа гэж хэлэв.
11 Иоаб тэр хүнд
-Чи түүнийг харсан байж, яагаад түүнийг газар дээр нь цохиж алсангүй вэ? Тэгсэн бол би чамд арван мөнгөн зоос болон бүс өгөх байв гэхэд,
12 тэр Иоабт
-Би мянган мөнгө авах байсан ч хааны хөвгүүнд гар хүрэхгүй. Биднийг сонсож байхад, хаан танд болон Абишаи, Иттаи нарт "Миний төлөө залуу Абсаломыг хамгаалаарай" хэмээн тушаасан билээ.
13 Хэрэв би түүнд хорон санаагаар хандсан бол, (хаанаас юу ч нуугдаж чаддаггүй) та өөрөө хол хөндий зогсох байсан гэж өгүүлэв.
14 Иоаб
-Би энд чамтай цаг дэмий үрмээргүй байна хэмээн өгүүлээд, гартаа гурван жад аваад, амьдаараа царс модны дунд өлгөгдсөн байсан Абсаломын зүрхэнд зоов.
15 Иоабын зэвсэг барьж явсан арван залуус ч Абсаломыг тойрч түүнийг цохиж алав.
16 Иоаб эвэр бүрээ үлээж, дуугаргахад хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөө зогсоож, буцаж ирэв. Учир нь Иоаб ардуудыг татан зогсоов.
17 Тэгээд тэд Абсаломыг авч, ойд гүнзгий нүхэнд хаяад, түүний дээрээс чулуу овоолон маш том овоо босгов. Хамаг израильчууд өөр өөрсдийн майхан уруу зугтацгаав.
18 Абсалом амьд байхдаа өөртөө нэгэн баганыг Хааны Хөндийд босгосон бөгөөд тэр
-Миний нэрийг хадгалах хүү надад байхгүй гэдэг байв. Өнөөдрийг хүртэл тэр багана Абсаломын хөшөө хэмээн дуудагддаг.
19 Задокийн хөвгүүн Ахимааз
-Би хаан дээр гүйж очоод, дайснуудынх нь гараас түүнийг ЭЗЭН чөлөөлсөн гэдгийг мэдэгдье гэв.
20 Харин Иоаб түүнд
-Өнөөдөр чи мэдээ хүргэж болохгүй, харин ондоо өдөр мэдээ хүргэж болно. Хааны хөвгүүн үхсэн тул өнөөдөр чи ямар ч мэдээ хүргэх ёсгүй гэв.
21 Иоаб куши хүнд
-Явж, чи юу харснаа хаанд мэдээл гэв. Куши хүн Иоабт мэхийгээд, гүйж одов.
22 Задокийн хөвгүүн Ахимааз дахин нэг удаа Иоабт
-Юу болсон ч би бас куши хүний араас гүйе л дээ гэхэд, Иоаб
-Хүү минь. Явлаа гээд шагнал хүртэхгүйгээс хойш чи гүйгээд яах юм бэ? гэв.
23 -Гэвч ямар ч атугай би гүйнэ гэхэд, Иоаб
-Гүй, гүй хэмээн өгүүлэв. Ахимааз тэгш тал газраар гүйж, куши хүнийг гүйцэж түрүүлэв.
24 Давид хоёр хаалганы хооронд сууж байв. Харуул цайзын хаалганы дээвэр дээгүүр явснаа, тэргүүнээ өргөн харахад, нэгэн эрэгтэй хүн гүйн ирж байв.
25 Харуул хааныг дуудан, айлтгасанд хаан
-Ганц хүн байгаа бол, баяртай мэдээ буй заа гэв. Өнөөх хүн улам улам ойртов.
26 Тэгтэл харуул бас нэгэн хүнийг гүйн ирж байхыг харав. Харуул хаалгачид
-Бас нэгэн хүн ганцаараа гүйн ирж байна гэхэд хаан
-Тэр ч бас баяртай мэдээ авчирч байгаа гэв.
27 Харуул өгүүлэн
-Түрүүнд нь гүйж байгаа нь Задокийн хөвгүүн Ахимаазын гүйхтэй төстэй харагдана гэхэд хаан
-Тэр бол сайн хүн. Сайн мэдээ авчирдаг хүн гэв.
28 Ахимааз чанга дуугаар хаанд
-Бүгд сайн хэмээн өгүүлээд, газарт хөсөр унан, хаанд мөргөв. Тэрээр
-Миний эзэн хааныг эсэргүүцсэн хүнийг тушааж өгсөн таны Бурхан ЭЗЭН ивээлтэй еэ гэв.
29 Хаан
-Залуу Абсалом мэнд үү? хэмээн асуухад, Ахимааз
-Иоаб хааны зарц нарыг илгээх үед зарц би нэгэн их шуугиан дэгдэхийг харсан ба юу болсныг мэдсэнгүй гэв.
30 Тэгэхэд хаан
-Хажуу тийш болж, энд зогс гэв. Тэрээр хажуу тийш болж, хөдлөлгүй зогсов.
31 Тэр үед куши хүн хүрч ирэн
-Хаан эзэнд баяртай мэдээ дуулгая. ЭЗЭН өнөөдөр таныг эсэргүүцэгч хамаг хүмүүсийн гараас таныг чөлөөллөө гэв.
32 Хаан куши хүнд
-Залуу Абсалом мэнд үү? гэхэд, куши хүн
-Хаантны дайснууд болон муу санаа өвөрлөн таныг эсэргүүцэгчид нь тэр залуугийн адил болох болтугай гэв.
33 Тэгэхэд хааны сэтгэл нь гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орон уйлав. Тэрээр уйлан холхиж
-Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь хэмээж байв.



[Өмнөх]                [Дараах]

2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]