2 Самуел [22]

1 ЭЗЭН өөрийг нь хамаг дайснуудынх нь болон Саулын гараас аварсан өдөр Давид энэ дууг ЭЗЭНд дуулав.
2 Тэр ийнхүү дуулав.
-ЭЗЭН бол миний хад,
миний цайз, миний аврагч.
3 Миний хоргоддог хад болох Бурхан минь.
Миний бамбай, авралын эвэр, цайз хэрэм, хоргодох газар.
Аврагч минь, Та намайг балмад явдлаас хамгаалдаг билээ.
4 Магтаал хүндэтгэлийн ЭЗЭНийг дуудахад
дайснуудаасаа би аврагддаг.
5 Учир нь үхлийн давалгаа намайг хүрээлэн,
сүйрлийн гол намайг айлгав.
6 Үхэгсдийн орны уяа намайг хэрж,
үхлийн тор над уруу чиглэв.
7 Би зовж шаналж байхдаа ЭЗЭНийг дуудсан.
Тийм ээ, би Бурхан уруугаа хашхирсан билээ.
Тэр Өөрийнхөө дуганаас миний дууг сонсон,
миний тусламж гуйн хашхирах нь Түүний сонорт хүрэв.
8 Тэгтэл газар доргин хөдлөв.
Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.
9 Түүний хамраас утаа гарч,
амнаас нь цөлмөн залгих гал гаран,
түүгээр нүүрс асан шатаж байв.
10 Тэр тэнгэрийг бөхийлгөн,
хөл дороо түнэр харанхуйгаар бууж ирэв.
11 Тэр нэгэн херуб хөлөглөн нисэж,
салхиар жигүүрлэн, далавчин дээр үзэгдэв.
12 Тэр Өөрийгөө тойруулан харанхуйг бүрхүүл болгож,
их хэмжээний ус хийгээд зузаан үүлс бий болгов.
13 Түүний өмнөх гялбаанаас нүүрс асан шатав.
14 ЭЗЭН тэнгэрээс аянга цахилуулан,
Хамгийн Дээд Нэгэн нь дуугарав.
15 Тэр сум тавьж, дайснуудаа тараан,
аянга гялбуулж, тэднийг будлиулав.
16 ЭЗЭНий зэмлэл,
Түүний хамрын амьсгалаар далайн ёроол ил харагдаж,
ертөнцийн суурь ил гарав.
17 Тэр дээрээс явуулж,
намайг авч, их уснаас татан гаргав.
18 Тэр хүчит дайснуудаас болон өшин хорсогчдоос намайг аврав.
Учир нь тэд надаас үлэмж хүчтэй байв.
19 Надад гай гамшиг тохиолдсон өдөр тэд надтай нүүр тулгарсан боловч
ЭЗЭН миний тулгуур байлаа.
20 Тэр намайг хайрладаг учир
намайг мөн өргөн уудам газарт авчран,
намайг аварсан билээ.
21 ЭЗЭН миний зөв шударга явдлын дагуу намайг шагнан,
гарын минь цэвэр ариун байдлын төлөө намайг урамшуулав.
22 Учир нь би Бурханы эсрэг бузар муу зүйл үйлдэлгүй
ЭЗЭНий замаар явсан.
23 Түүний бүх заавар өмнө минь байж,
Түүний тогтоолуудаас нь би холдоогүй билээ.
24 Би Түүний өмнө гэм зэмгүй бөгөөд
нүглээс өөрийгөө хол байлгав.
25 Тийм учраас Түүний өмнө зөв шударга болон цэвэр ариун байсан тул
ЭЗЭН намайг шагнаж урамшуулсан юм.
26 Өгөөмөр хүнд Та Өөрийнхөө өгөөмрийг,
гэм зэмгүй хүнд Та Өөрийнхөө төгс болохоо харуулдаг.
27 Цэвэр ариун явдалтай хүнд Та Өөрийнхөө ариуныг,
тэрслүү хүнд Өөрийнхөө овжин гярхайг харуулдаг.
28 Та шаналан зовж буй ардуудыг авардаг.
Бардамнагчдад хараагаа чиглүүлж, тэднийг номхруулдаг.
29 ЭЗЭН минь, Та миний гэрэл учраас ЭЗЭН харанхуйг минь гэрэлтүүлдэг.
30 Танаар би цэргийн хуаранг дайрч,
Бурханыхаа хүчээр би хэрмийг давж чаддаг.
31 Бурханы хувьд, Түүний зам төгс.
ЭЗЭНий Үг шалгагдсан билээ.
Түүнд хоргодогч бүхэнд Тэр бамбай болдог.
32 ЭЗЭНээс өөр хэн Бурхан юм бэ?
Бидний Бурханаас өөр хэн хад юм бэ?
33 Бурхан бол миний хүчит цайз бөгөөд
Тэр шударга хүнийг Өөрийнхөө замаар хөтөлдөг.
34 Тэр хөлийг минь гөрөөсний хөл мэт болгон,
намайг өндөрлөг газар дээр аваачдаг.
35 Тэр гарыг минь тулалдаанд бэлтгэдэг.
Ингэснээр гар минь хүрэл нумыг тахийлгаж чаддаг.
36 Та надад мөн авралын бамбайг өгсөн билээ.
Таны тусламж намайг агуу болгов.
37 Та алхааг минь томсгож, хөл минь халтирсангүй.
38 Би дайснаа хөөж устган,
тэднийг сөнөх хүртэл нь эргэж буцаж байсангүй.
39 Тэднийг босгож ирүүлэхгүйн тулд би тэднийг цөлмөж сөнөөв.
Тэгээд тэд миний хөл доор унасан билээ.
40 Тулалдахад Та надад хүч чадал бүслүүлж,
намайг эсэргүүцэн босогчдыг хөлд минь хөсөр унагав.
41 Та мөн дайснуудын минь нурууг над уруу харуулав.
Намайг үзэн ядагчдыг би устгав.
42 Тэд харуулдавч, тэднийг хэн ч аварсангүй.
Тэд ЭЗЭНд хандсан боловч, Тэр хариу өгсөнгүй.
43 Би тэднийг газрын тоос мэт бут цохин,
гудамжны шавхай мэт нухчин дэвслэв.
44 Та намайг хүмүүсийн минь маргаанаас аварч,
намайг үндэстнүүдийн тэргүүн байлгасаар байв.
Миний үл мэдэх хүмүүс ч надад үйлчлэв.
45 Харь үндэстэн надад зусардан,
тэд сонсонгуутаа миний зарлигийг үг дуугүй дагадаг.
46 Харь хүмүүс зүрх алдаж,
цайзаасаа чичрэн гарч ирдэг.
47 ЭЗЭН амьд.
Ерөөгдөх болтугай, миний хад!
Өргөмжлөгдөх болтугай, авралын минь хад болох Бурхан!
48 Миний өмнөөс өшөө авдаг,
хүмүүсийг миний эрхэн дор оруулдаг Бурхан,
49 Та намайг дайснуудаас минь гарган авчирдаг Бурхан.
Та намайг эсэргүүцэн босогчдын дээр өргөмжлөн босгож,
харгис хүнээс намайг аварсан билээ.
50 Тийм учраас ЭЗЭН Танд үндэстнүүдийн дундаас талархлыг өргөж,
Таны нэрийг магтан дуулъя.
51 Тэр бол Өөрийнхөө хаанд авралын цамхаг бөгөөд
Өөрийнхөө тосолсон нэгэндээ,
Давид болон түүний үр удамд хайр өршөөлийг үүрд мөнх үзүүлдэг.



[Өмнөх]                [Дараах]

2 Самуел [1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13][14][15][16][17][18][19][20][21][22][23][24]